Monday, May 20, 2013


             Манай монгол ном судрын түүхийг наад зах нь мянга орчим жилээр улируулан авч үзэх учиртай байна. Эрт цагийн ном судар бидний үед ховор хомс уламжилсан боловч гадаад дотоодын номын сан, судалгааны газар, хувь хүмүүсийн гарт ч мэр сэр байна. Бас нэлээд хуучин гар бичмэл, модон барын ном судрын чухам хэдийд бүтээгдсэн болохыг тодорхой магадлах боломж одоогоор үгүй мэт. Учир иймд зарим нэг эртний бололтой ном бичгийн дээжийг он цагийг нь яг таг тодорхойлдог шинжлэх ухааны тэргүүний арга хэрэгслийг ашиглан бат нот мэдэх бололцоог эрэлхийлбээс зохистой юм.
Монгол ном судрыг бүтээж байсан гол эд өлөг бэлэн байгалийн модны цаас, хусны үйс, арьс хөдөс, мод чулуу, төмөрлөгийн зүйлсээс гадна бичиж байсан мод, яс, төмөр төрөл бүрийн үзэг, түүний сав халз зэрэг  хэрэглэхүүн болсон бэх, будаг, эрдэнэ эрдсийн тухай ч цухас боловч дурдан хэлэлцэх ёстой байна.
 НОМ БИЧГИЙН ЦААС
Ялангуяа ном судрын гол тээгч болсон цаасны тухай онцлон авч үзэх хэрэгтэй. Манай монголчууд эрт цагаас дорно дахины эртний соёлт их ард түмнүүдийн адил дээр дурдсан ном сударт хэрэглэх чухал зүйлсийг өөрсдийн орон нутагт байх түүхий эдийн бололцооны хэрээр хийж хэрэглэсээр иржээ.
Үүнээ одоо бидэнд тодорхой мэдэгдэж байгаа нэлээд түрүү үеийн томоохон баримт нь төв монгол нутаг буюу бүр тодруулан хэлбэл Гурван голын сав нутагтаа Бүрэнхан уулын энгэр газрын хуваарт багтах Орхон голын зүүн эрэг дээр Цант хэмээх газар цаас хийж байсны ул мөр үлдэгдэл чулуун тээрмийн суурь одоо ч байна. Энэ нь одоогийн Дархан-Уул аймгийн нутаг Орхон сумын дэвсгэр Цагаан дэрсний балгас гэдэг эртний хотын туурь дээр бий. Үүний тухай хагас зууны тэртээ эрдэмтэн Х.Пэрлээ нэгэн сэдэвт бүтээлийнхээ “Тус зохиолд оролцоогүй манжийн ба он цаг нь мэдэгдээгүй хот суурин, тариалангийн товч мэдээ” нэртэй хавсралтын 184 дүгээрт “Гуулин улсын хүн тэнд мод индэж цаас хийж байсан гэдэг” хэмээсэн маш чухал мэдээг тэмдэглэн үлдээсэн байна1. Үүний улбааг сүүлийн үес солонгос, монголын эрдэмтэд мөрдөн мөшгөж, эрдэм судлалын хээрийн шинжилгээний ангийн ажлаар эрт цагт Монгол нутагт солонгос маягийн арга барилаар цаас хийж байсан тухай бичиж байна2. Бас үүнтэй төсөөтэй тээрэм Олон сүмийн туурийн ойролцоо буй3.
Мөн нэлээд хожуухан болтол том хүрээ хийдүүдийн дэргэд монголчууд өөрсдөө нутгийнхаа ургамлаар цаас хийж байсан баримт мэдээ бий. “Монголчуудын судрын бөрттэй боровтор цаас хийдэг байжээ. Тэгэхдээ газар газрын барханд хийдэг арга өөр өөр байсан бололтой байна. Монгол нутагт ургадаг далан түрүүг чанаад хальс бөртийг сайтар цэвэрлэн наранд хатаагаад төмөр ууранд хийж нүдэн гурил адил нунтаглаж, шар цавуу гүйлгэсэн, жаахан тосны хольцтой бүлээн усаар том саванд нуугитал зуурч хоршдог байжээ. Нэг шанага далан түрүүний нунтагт нэг тагш банлагийн нунтаг байхаар дүйлгэж найруулдаг байв. Зарим газар олс /зэрлэг ургамлын нэр/ няцлаж холивол бүр ч сайн болдог байж, хангай газрын барханд энэ ургамал олдоцтой байжээ.
Мод дөрвөлжин жаазлаад ёроолд нь даавуу чанга тэвхдэж зуурмагаасаа жигдхэн маш нимгэн хийж усыг шүүрүүлээд наранд тавьж хатаан цаас болгодог байв. Ийм аргаар гагцхүү зуны цагт хийдэг байсан бөгөөд жааз нь алд цаасных, дэлэм цаасных, тохой цаасных гэж байжээ. Эсвэл зуурмагаасаа төмөр ёроолтой мэлгэр тэвшинд хийгээд сууж гүйцсэний нь дараа ёроолын дөрвөн булан дахь шивээсийг авч усыг шүүрүүлээд халуун пийшин дээр тавьж халаасаар ус нь ууршин эврээд хөндийрөн ирэнгүүт авч тэгшхэн юман дээр хатаадаг байжээ. Сүүтэй цайны үлдэц халахдаа тогооноос ховхорч ирдэгийг бид мэднэ. Ийм модон жааз барханд хэд хэдээрээ байсан бөгөөд нэг удаа үйлдэхэд нэг ам цаас гарна. Ийм цаасны ёроол тал нь толигор, өнгөн тал нь хөрзгөрдүүхэн болдог, хожим энэ талаар нь болгоход эвтэйхэн таардаг байжээ. Цаас хийхэд ордог зүйлээ бэлэн болгож байгаад хэд хэдэн хүн зэрэгцэн ажилладаг байжээ. Өнө өглөгтийн хийдэд Цогбадрах гэдэг хүн цаас хийдэг байсныг өөрийн биеэр үзсэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жамбагийн яриагаар тэмдэглэв. Арвайхээрийн Үйзэн гүнгийн хийдэд сууж байсан Орги мөн тэр хийдэд цаас хийдэг байсан гэнэ лээ гэж залуу цагтаа дуулсныгаа ярьсан нь иймэрхүү арга байлаа”хэмээн эрдэмтэн Шүгэр 30 гаруй жилийн өмнө бичжээ.
Энэ төлөвтэй мэдээг цааш лавшруулан сурвалжлахад монгол нутгийн олон газар дээрх мэт нэгэн төстэй аргаар далан түрүү, цагаан малгай, тэвэг залаа зэрэг хаа сайгүй ургадаг мал иддэггүй ургамлаар гол түүхий эд болгож судар номын цаасаа монголчууд бэлдсээр ирсэн байна. Нутгийн хүрээг хэмжээгээр нь өргөтгөн хэлэлцвэл Өвөр монголын Ордосын Хангин хошуу, Баруун монголын Дөрвөдийн Төгс хөлөг Далай ханы хошуу эдүгээгийн Увс аймгийн Түргэн сумын нутаг Төгс буянт Хан уулын Бууралын гол орчим Төгс буянтын хүрээ, Буриад монголын Агын дацангийн орчим газар цаас хийж байсан тухай мэдээ олдсоор байна. Ийнхүү ном бичгийн гол хэрэглэхүүн цаасаа өөрсдөө хийхээс гадна гадаад зах зээлээс бэлэн сайн цаас Хятад, Орос, Солонгос, Төвд зэрэг хил залгаа улс орнуудаас ч зохих хэмжээнд авч хэрэглэсээр иржээ. Бүр цаашилбал алт эрдэнэсээр бичих номд зориулан тусгай хар цаас боловсруулах аргыг ч хэрэглэж байсан юм.
ҮЗЭГ БИЙР
Бас бичгийн дөрвөн утгач эрдэнэсийн нэг болох үзгийг мод төмөр, эвэр ясаар хийж хэрэглэдэг байв. Үүний гол түүхий эд нь хулс мод болно. Хулсан үзгийг бэлтгэхдээ цэвэр ариун, бүдүүн нарийн нь тохиромжтой хулсыг сонгон аваад гол төлөв нэгэн үеийг үзгийн дээд хэсэгт буюу ишэнд хоёр хуруу орчим зайтай үлдээж арван хуруу орчим шулуун хэсгээс үзүүр гарган үзгээ засдаг байв. Чингэхлээр арван хоёр хуруу орчим урттай хулсан үзэг нь монгол бичээчийн алив ном судар бичихэд нэн тохиромжтой үзэг болно. Зарим тохиолдолд үүнээс өчүүхэн урт богино байж болох хийгээд хааяа бас хоёр талдаа үзүүртэй үзгийг хэрэглэдэг байв. Энэ нь өргөн нарийн үзүүрлэсэн том жижиг үзэг гэсэн үг. Тэгэхдээ үзэг буйлуулна гэдэг сонин аргыг хэрэглэдэг байжээ. Энэ нь бүдүүн тойм зассан үзгээ үхрийн булуу чөмгөнд дүрж удаан хугацаагаар буюу хагас, бүтэн жилээр хадгалдаг байна. Мөн яаралтай бичих үзэг засвал их бага хугацааг тохируулан тосонд чанах аргатай байжээ. Ийнхүү зохих хэмжээнээ тос уулгаж шингээсэн буюу чанасан үзэг нь хуучин цагийн үсэрхэг цаасанд нэн тохиромжтой үзэгний үзүүрт цаасны хог чирэгдэхгүй, үзэг бэх ууж баах явдал бага, бичихэд хурдан гавшгай болдог сайн талтай юм.
Үзгийг засахдаа арван хоёр хуруу үзгийн иш бөгс хэсгийн үеэс дээшх хоёр хуруу нь тав шэйрав (thabs shes rab) буюу арга билгийг бэлэгдэнэ. Үеэс дорогш зургаан хуруу нь парчин дүг (phar phying drug) буюу зургаан барамидыг бэлэгджээ. Үзүүр хэсгийн дөрвөн хуруу нь дүвби ойвши (grub pa’I dngos bzhi) буюу хураангуй дөрвөн бод хэмээх хэрэгт өглөг (mkho po sbyin pa), яруу өгүүлэх (snyan par smra ba), утга дагуу (don spyod pa), утга лугаа зохилдох (don mthun pa)-ыг бэлэгдсэн гэж хуучны бичээч нар хэлэлцдэг байсан. Уг хулсан үзгийнхээ үзүүрийг машид гамнан хамгаалж гол төлөв тусгай төмөрлөгөөр хийсэн дугтуй хуйнд хоёр талд нь ноос унгас, ноолуур хөөвөр зөөлөвчлөн хийж авч явдаг байв. Хааяахан модон хуй, үзэг нь холхиж хөдлөхгүй зормол ховил хоногтой модон хайрцаг ховд буюу хувилд хийдэг ёс ч байв. Дашрамд цухас дурдахад их ном бичиж элэгдэж хорогдон богино болсон хулсан үзгийг машид нандигнан эрхэн нандин эд гэж бурхан тахил, шүтээн суваргын шүншигт оруулан срогшин (srog shing) буюу амь мод хийдэг сонин ёс заншил ч байсан гэдэг.
 ХУМХ ХАЛЗ
 Хулсан үзгээр ном судар бичихэд зайлшгүй дурдах ёстой нэгэн чухал бичгийн эд нь бэх, эрдэнэсийг агуулах хумх хэмээх бяцхан бумба савыг чулуу, зүйл бүрийн төмөрлөгөөр уран гоёор хийж хэрэглэдэг байв. Чингэхдээ хумхыг гол төлөв цутгуурын аргаар болон хааяахан гагнуурын аргаар хийсэн байдаг. Мөн төвд хэлээр нагбун (snag bum) буюу бэхийн хумх сав хэмээн нэрийдэж байв.
Хожуухан сүүлийн хоёр гурван зуун жил Монголд бийрийн соёл нэвтэрч монгол бичгийг хялгасан бийрээр бичдэг тусгай дэг бий болсон гэж хэлж болно. Чингэхдээ хятад бэлэн бийрийг хэрэглэхээс гадна хатуу зөөлөн үс хялгастай гол төлөв зураг зурахад хэрэглэдэг бийрийг монголчууд өөрсдөө хийж хэрэглэсээр ирснийг төгөлдөржүүлж бичгийн бийр ч хийдэг байжээ. Бийрээр бичихэд хэрэглэдэг бас нэгэн чухал бичгийн эрдэнэ нь халз хэмээх бяцхан хавтгай чулуу болон зэс гууль төмрөөр хийсэн зууруул мөн. Уг халз зууруулыг хийхдээ монгол нутгийн нийцэт чулууг элдэв хэлбэрээр засамжлан урлаж хээ гоогоор чимэглэн хийсэн ч байдаг. Мөн төмөрлөг эдээр хийсэн хайрцаг халзынхаа таганд нимгэн хавтгай чулууг тааруулан хийж байгаад бүр сүүлийн үе болоход зөвхөн чулуугүй төмөрлөг эдээр хийсэн зүйл бүрийн хэмжээтэй уран гоёмсог халз хэрэглэх болсон нь үлэмж үзэгддэг. Үүнийг бас заримдаа янтай, нянтай хэмээн хятад нэрээр хэрэглэж байсан удаатай.

БЭХ  ЭРДЭС

Бичгийн бас нэгэн чухал эрдэнэ бэхийг монголчууд хэдэн аргаар хийж хэрэглэдэг байв. Үүнд хусны үйсийг битүү нэрж хар бэх гарган авахдаа бар сийлэхээр бэлтгэсэн бэлэн хусныхаа үйсийг жижиглэж хоёр тогоонд хийгээд амсрыг нь битүү шавж ёроолд нь жижиг нүх гарган гал өрдөхөд аяндаа бэлэн хар болон гоожиж гардаг байжээ. Тэнгэрийн дүлийгээр бэх хийхдээ хатаж буй тэнгэрийн дүлийг түүж аваад битүү газар улмаар хатаахад аяндаа тас хар нунтаг болдог аж. Тэнгэрийн дүлийгээ сайн хатаасны дараа төмөр ууранд хийж нунтаглаад буцалгаж шүүх зэрэг аргыг ч хэрэглэж байжээ. Нарсны тортогоор бэх хийхдээ зууханд лавхан суулгасан тогооны хөө болгож авах, шил, ваар зэргийн ёроол өөд дэн мэтийг тавьж бадамлаж тогтсон хөөг нь хураах зэрэг хэд хэдэн үндсэн аргыг хэрэглэдэг байжээ. Хурааж авсан хөөгөө тунсааны ус, нарсны жилий, нарсны сахал чанаж авсан усаар шингэвтэр зуурч чанаж агшаасаар мөсөөж бэхээ хатаадаг байсан гэнэ эсвэл цавуутай ус хийдэг явдал ч байжээ. Бэлэн болгосон бэхээ мөсөөж царцаахын өмнө сайхан үнэртэй ургамал цэцгийн шимээр зуурах, бамбайн үндэсний үнэр оруулах, их сайн бэхэнд дээдэс бололцоотой хүмүүс хүдрийн заар шингээж сайхан үнэртэй болгодог ёс ч байсан гэдэг.
Дээрх дөрвөн чухаг эрдэнэ утгачаас гадна заагуур зуруул, гортиг шугам, үнсэн болон бусал самбарууд бүр цаашилбал хайч хутга, зүү утас хүртэл аль олон зүйл бичиг номыг бүтээх явцад хэрэгцээтэй болохыг энэ удаад тоочвол арвин болох тул товчилсу.
Эдгээр бичгийн эрдэнэсийг ашиглан үлэмж олон ном судрыг эртнээс бичиж бүтээсэн нь эдүгээ бидэнд багагүй өв уламжлан ирсэн байна. Ийнхүү хулсан үзэг, хялгасан бийрээр бичиж бүтээсэн ном судар хэдэн түмээр тоологдохын сацуу алт мөнгө есөн эрдэнээр бичиж бүтээсэн их их хөлгөн судар төдийгүй бүхэл бүтэн Ганжур хэмээх гурван аймаг савын номын цогц чуулган ч хэд хэдэн хувь манай улсад байна. Түүнчлэн Ганжурын тайлбар Данжурыг ч алтаар бичиж бүтээсэн байна.

БАР ХЭВ
Үүнээс гадна ном судрыг хувилан олшруулах сонгодог арга болсон ном хэвлэх ажлыг монгол нутагт эртнээс өргөн дэлгэр хийсэн билээ. Үүнд гол төлөв модон барын аргыг хэрэглэсэн юм. Чингэхдээ манай орны хангай нутагт түгээмэл ургадаг хус, хуш,жодоо, нүргэс буюу уушги модыг зохистой цагт нь авч зүйл бүрийн аргаар шүүсэлж хатаан бар хэв сийлдэг байв. Бас хааяахан яшил, яргай, заг мод болон зарим модны үндэс ашиглан бага сага бар сийлсэн ч үзэгддэг. Түүнчлэн тугалга, зэс, гууль зэрэг төмөрлөгийн зүйлээр ч барыг сийлсэн нь буй. Мөн тун цөөн боловч цуттамал төмөрлөг бар хийж байсан нь нэгэн хоёр боловч дурсгал нь үлдсэн байна. Нэлээд сүүл үес хийж хэрэглэж байсан гүймэг модон үсэг хэмээх үсэг бүрийг хатуу модны босоо ширхэг дээр буруу харуулан сийлсэн түүвэр үсгийг тусгай шахлага хайрцагнаа боож хэвлэх арга ч нэвтэрсэн. Үүнээс хамгийн түтээмэл хэвлэлийн арга нь бүтэн хавтас модны хоёр талд буруу харуулан нэгэн хуудасны ар өврийг сийлэх уламжлалт хэвлэл зонхилно. Чингэхдээ уг хэвлэх номоо шууд хавтас модноо буруу харуулан бичих, зөв хуудас цааснаа бичсэн номын эхийг тосолж буруу харуулан сийлэх модондоо наах үндсэн хоёр аргыг хэрэглэдэг байв. Түүнчлэн хүү бар хэмээх нэгэнт хэвлэсэн номын эх дардсыг буюу шүүрхий түүхий дардсыг шууд буруу харуулан хавтас модноо нааж сийлээд адил хэмжээний бар ном бүтээх түгээмэл арга байсныг тэмдэглэх нь зохистой юм. Үүнээ том жижиг ямархан хэмжээтэй ном барлахаас шалтгаалан зүйл бүрийн хутга, ухам, жишүү зэргийг тохируулан хийж барчин хэвчин хүмүүс өөр өөрсдийн багажаа бүтээдэг байжээ. Тэдгээр нь том жижиг ацаг шүд, гэдэс гогцоонд тааруулсан багахан хайрцагт багтдаг арав гаруй төрлийн багажаас бүрддэг юм. Нэгэнт сийлсэн бар хэвээ басхүү тосонд чанах, тослоод галд буюу хурц наранд ээх аргаар тослог болгон сэвийг нь дарж бэх уухаас хамгаалах ба олон дардас авахаар бар хэвээ бэхжүүлдэг байжээ. Нэг бараар олон ном хэвлээд нэлээд элэгдсэний дараа дахин гүнзгийлэн сийлж сэргээдэг байсан гэдэг.
Ийнхүү олон мянган ном судрыг бүтээхдээ туйлын гоёмсог сайхан урлахаар барахгүй бүхэл бүтэн цуврал боть боть зузаан номыг хуудас бүр нь зураг чимэглэлтэй хэд хэдэн хэл бичгээр, олон үсгээр хадмаллан бичиж барласан явдал ч үлэмжхэн тоонд ч хүрсэн бөгөөд энэ нь эрт цагаас эхэлсэн уламжлалтай гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй.
Бэлэн бар хэв байвч чухам ном судар хэвлэх нь бас нэлээд хүч хөдөлмөр шаардсан ажил мөн. Энэ нь тусгай тохируулан бэлдсэн хавтгай савтай бэхээс хялгас ноосон түрхүүлээр барандаа жигд нимгэн бэх түрхэх, эсгий өнхрүүлгээр түрхэж барлах цаасаа хөдөлгөлгүй тавьж элс хялгасаар арчиж буюу өнхрүүлээр нидэрч барласан хуудсаа огцом хурдан дээш татаж авах, нэгэнт барласан хуудсыг эмх цэгцтэй хатаах, зузаан цаас бол нүүр талаа сайтар хатсан хойно нөгөө талд нь барлах, нимгэн цаас бол нэжгээд тал тус тус барлаад цаасаа шингэн жонхуугаар нааж болгох зэрэг ажлуудыг хийсний эцэст ном судраа өөлж захлах, дэвтэрлэсэн ном бол үдэж хавтаслах зэрэг түмэн төвөгтэй ажлыг хийдэг байжээ. Яг барлах явцыг харж байхад сурмаг дадмаг барчин хүмүүс онгироо ч юм шиг харагддаг байсан гэж ахмад хүмүүс хуучилж асан нь уг ажлын онцлог огцом хурдтай гавшгай хуулбал барын бэх нүүдэггүй цэвэрхэн болдог байдлыг өгүүлсэн нь чухам оносон хэрэг. Ийм төлөвийн аргаар бүтээсэн ном судар хэдэн түмээр тоологдох бөгөөд олон арван зохиогчийн боть ботиор сүмбүм хэдэн зуугаар тоологдохын дээр бүр түүнчлэн Ганжур, Данжурын том цоморлогийн хэмжээнд хүрсэн билээ.
Энэхүү бичмэл дармал аргаар бүтээсэн манай монголчуудын үлэмж их ном судрын хамгийн том цуглуулга өдгөө Монгол Улсын Үндэсний номын санд хадгалагдаж байна. Өвөг дээдсийнхээ хэдэн зуун жилийн хөдөлмөр бүтээлээ шингээсэн ариун дээд ном судар, түүх шастирын баялаг өвийг бүтээсэн арга, боловсруулж хийсэн түүхий эдийг нарийн нягт судалж мэдээд хойшид олон зуун жилээр хамгаалан уламжлуулах эрхэм чухал үүрэг энэ бидний үеийнхэнд ноогдож байна. Ямар боловч зүйл бүрийн аргаар сүүлийн мянгаад жилд малчин нүүдэлчин манай ард түмэн суурьшмал соёлт олон улс үндэстнээс төдий л дутуугүй ихээхэн хэмжээний ном судар бичиж хэвлэн бүтээсэн бахдам сайхан түүхтэй билээ.

No comments:

Post a Comment