Monday, April 22, 2013

                                            Аман зохиолоор хүмүүжихүй                         


Монгол орон хүн ам цөөн, газар нутаг уудам, гадны улсын зээл тусламжид дулдуйдсан эдийн засгийн хөгжлөөр буурай гэгддэг 

орон. Гэсэн хэдий ч бусад орноос илүү гэж онцлох зүйл олонтаа билээ. Гэтэл "хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөнө" гэгчээр гадны орныг даган дуурайж, хөөрцөглөвөөс үндэсний гэсэн бүхнээ алдаж болох талтай.
Өнөө үед даяаршиж бус дангааршин үлдэх, хэл соёлоо хамгаалан хөгжүүлэх нэг чухал хүчин зүйл нь Монгол үндэсний сурган хүмүүжүүлэх өв туршлага юм.

Энэ нь аман зохиолоор хүүхдийг эрдэмд амлуулж хэл яриа, оюун ухааныг нь хөгжүүлж, "Монгол" хүн төлөвтэй, хүмүүнлэг ёс суртахуунтай иргэн болгон хүмүүжүүлэх гэсэн утгатай. "Хүүхдийн аман зохиол" хэмээх биеэ даасан нэгэн төрөл зүйл манай аман зохиолын арвин санд буй. Монголчууд өсвөр залуу үе, хүүхэд багачуудаа өв тэгш хөгжилтэй хүн болгон хүмүүжүүлэн сургах талаар эрт дээр үеэс уламжлагдан шинэчлэгдэж улам баяжиж боловсронгуй болж ирсэн үндэсний онцлог бүхий ардын сурган хүмүүжүүлэх ард түмэн. 

Монголын ард түмний олон мянган жилийн турш бүтээсэн аман зохиолыг гагцхүү хүнийг хүмүүжүүлэх үүргийн талаас авч үзвэл:
- Оньсого таавар нь: хүүхэд залуусын оюуныг задлан хөгжүүлэх, бодлого, даалгавар, сонирхолтой математик шинжтэй
-Тууль нь баатарлаг эх оронч хүмүүжлийг олгох хосгүй материал , ард түмний яруу сайхан түүх
-Дуу нь ард түмний хүнлэг, цэвэр ариун сэтгэлийн илэрхийлэл
- Үлгэр нь сайн сайханд итгэсэн суут хүсэл мөрөөдөл , уран зөгнөлт зохиол
- Зүйр цэцэн үг нь гүн ухааны гүнзгий агуулгатайн зэрэгцээ ардын сурган хүмү¬үжүүлэх сургаалын шинжтэй гэж дүгнэн хэлж болохыг үе үеийн судлаач эрдэмтэн мэргэд тодорхойлжээ.

Жишээ нь зөвхөн зүйрлэж хэлсэн үгийн тухай хэлэхэд:
Зүйрлэж хэлсэн буюу зүйр үг нь хүний хэлэх гэсэн санааг нь бусдын сэтгэл зүрхэнд тустал нь хүргэж өгдөг байх юм. Хүүхдийг худгаас усаа ав гэхэд жаахан дурамжхан байхад нь үглэж загнаж хөөж туухын оронд "залхуугийн гадаа түлшгүй, залгидгийн гэрт хоолгүй " гэгч болох нь дээ гэхэд хүүхэд уурлах биш инээгээд л явах жишээтэй. Хүүхэд ямарваа нэг юмыг хам хум хийж, эмх замбраагүй байвал" ажил хийвэл дуустал , давс хийвэл уустал" хийх ёстой хэмээн тайлбарлах эсвэл "бушуу туулай борвиндоо баастай" гэвэл дараа нь хийх зүйлдээ хянуур, нямбай хандана.

Хичээл номоо үзэхгүй алгуурлаад байгаа хүүхдэд "сурсан далай, сураагүй балай " гэсэн зүйр үгийн утгыг ойлгуулахад зүгээр. Энэ мэтээр чиний өмнөөс хэн ч чиний юмыг хийж өгөхгүй , чи өөрөө л хичээх хэрэгтэй гэдгийг ойлгуулах нь зүйтэй. Гэхдээ дэмий цэцээхэсэн оноогүй үг тусгүй гэдгийг бодох нь чухал. Улс эх орны ирээдүй болсон хүүхэд , залуусыг сурган хүмүүжүүлж буй эцэг эх , багш цаашлаад хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрсдийн гэсэн" аман зохиол"-оор хүүхдийг хөгжүүлж хүмүүжүүлдэг байсан уламжлалыг бүү орхигдуулаасай.

Монголын ард түмний аман зохиолын хүмүүжүүлэх уламжлал, түүний онцлог, хөгжлийг орчин үеийн сурган хүмүүжүүлэх ухааны үүднээс судлан үнэлэлт, дүгнэлт өгч, энэ үзэл санаагаар өсвөр үеийг сурган хүмүүжүүлэх ажил хоцрогдож зохих хэмжээгээр үгүйлэгдсээр байна.

Дэлхийн аль ч орны сурган хүмүүжүүлэх уламжлалын зүйлс нь эгэл жирийн энгийн боловч нарийн утга санааг агуулсан гүнзгий учир холбогдолтой байдаг. Иймд ардын аман зохиолын сурган хүмүүжүүлэх үр нөлөөг улам нарийн судалж, ач холбогдлыг нь өндөр үнэлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг оюутан миний бие хэлэх нь зүйтэй гэж бодлоо. 

No comments:

Post a Comment