Sunday, April 21, 2013

           
                 
                                             Монголын сэтгүүл зүйн өмнөх үзэгдэл
                                              ба аман нийтлэлийн уламжлалын тухай
                                       



 Монголчууд нүүр учран золгомогц <Сонин сайхан юу байна?> хэмээн асуудаг нь олон зууны тэртээ уламжлан тогтсон хэв ёс төдийгүй, шинэ сонин мэдээлэл сонсох гэсэн хүний төрөлхийн хэрэгцээнээс үүдэлтэй ажээ. Манай ард түмэн хот суурин газраас алба амины ажлаар ирсэн зочин гийчин алсын аян жингээс буусан нутаг нэгтэн хэнийг ч болов тосон угтаж гэр хотол, айл саахалтаараа нэгэн гэртээ цуглан хол ойрын сонин дуулж, шөнө дөл болтол ярилцдаг байсан нь нүүдлийн соёл иргэншилт ард түмний аж төрөх өвөрмөц ёс, амьдрал ахуйд ашигтай шинэ сонин мэдээлэл олж авах арга юм.
     Ийнхүү аяндаа зохион байгуулагддаг мэдээлэл солилцох үйл явц нийгмийн хэсэг бүлгийн харилцаанд аажмаар хэвшин тогтож, тийм яриа таниулгыг ур чадвартай хийдэг бөгөөд байнгын арвин мэдээлэлтэй байдаг хүмүүс ялгаран гарсан нь бидний ойлгож байгаагаар аман нийтлэлч юм. Тэд амьдралын туршлага, сэдэв чиглэл, илэрхийлэх аргатай аман нийтлэлүүдийг буй болгож, улмаар өөрсдөө мэргэжлийн аман нийтлэлчийн шинжийг олсон байдаг.
  Манай ард түмэн <Айлын ховыг хүүхэд зөөнө, аймгийн ховыг бадарчин зөөнө> хэмээн хэлэлцдэг нь нүүдлийн тархай бутархай амьдралтай ард түмний мэдээлэл солилцох аргыг нэн оновчтой тодорхойлсон хэрэг байна. Мэдээлэл харилцаа хөгжөөгүй,тогтмол хэвлэл гараагүй байх үед хүүхэд, бадарчин хоёр амьдрал ахуйн чөлөөт мэдээллийг зөөгч, түгээгчийн үүргийг голлон гүйчэтгэж байжээ. Харин 18 дугаар зуунаас эхтэй өртөөний мэдээлэл их төлөв төрийн албан мэдээллийг дамжуулах хэрэгсэл болж байсан юм.
    Манай ард түмэн аман нийтлэлийг <хууч хөөрөх>  гэцгээдэг .Хууч хөөрч байгаа хүмүүс голдуу өөрсдөдөө урьд өмнө тохиолдсон явдал, дурсамжийн зүйлүүдийг хэлэлцдэг. Эдгээр нь үнэн болсон явдал байх бөгөөд бас нэмэр чимэг оруулж сонирхолтой болгосон зүйл ч байдаг.Хэрэв өөрөө үзэж мэдээгүй зүйлийг ярих болвол тэр нь эрт баларын явдал бус, ойрмогхон болсон явдал байх ба <тэр ярьсан юм> <түүнд тохилдсон хэрэг>  гэхчилэн иш татаж буух мөртэй, буцах эзэнтэйгээр ярьдаг байна.
Академич Ц.Дамдинсүрэн <<Аман өгүүллэг бол монгол ардын аман зохиолын нэг чухал хэлбэр бөгөөд их дэлгэрсэн зүйл мөн...Ойрмог шиг болсон нэгэн явдалд оролцсон буюу үзсэн хүмүүсийн дурсамж,үнэмшмээр аман яриаг ардууд "Хууч хөөрөх" гэдэг билээ.Зохиогчийн тодорхойлчилсон аман өгүүллэг нь нийтлэлийн шинж зайлшгүй баймаар байна.
 Бидний бодохос, аман нийтлэл нь ардын аман зохиолийн дотор үүсч, түүнтэй хамт хөгжсөн бөгөөд олон түмнийг өөдрөг үзэл, идэвхитэи амьдралын төлөө тэмцэлд шууд уриалдаг, цаг үеийнхээ агуулгыг шуурхай мэдэрч тусгадаг нийтлэлч шинжээрээ аман зохиолоос ялгарч байдаг.
Аман нийтлэл нь бас уран зохиолын шиг уран сайхнаар хийсвэрлэн боловсруулсан дургүй, утга зохиолын хэлний нарийн боловсруулалт хийгдээгүй бөгөөд ямар ч үед, болсон явдал, ажил хэрэг байдгаараа нийтлэлт илүү ойр юмаа. Ийм болохоор аман нийтлэлийг мэдээллийн хэрэгсэл гарахаас өмнөх үед тохирсон сэтгүүл зүйн өмнөх үзэгдлийн нэг гэж үзвэл зохих юм.
Оршин буй нийгэм, цаг үеийн байдалд шуурхай дүн шинжилгээ хийж, түүний хөгжилд бодитой нөлөөлөхийг эрмэлзсэн, тогтмол хэвлэл гарахаас өмнөх үеийн аман ба бичгийн утга зохиолын чиглэлийг сэтгүүл зүйн өмнөх үзэгдэл хэмээн тодорхойлж байна.
 Бид сэтгүүл зүйн өмнөх үзэгдлийн тухай ярихдаа орчин үеийн сэтгүүл зүйн гүйцэтгэж байгаа үүрэг, зорилтийн талаарх дэлхий дахины үзэл баримтлалыг иш үндэс болгох нь зөв юм.
Өөрөөр хэлбэл, сэтгүүл зүйн өнөөгийн үйл ажиллагааны элемент эрт үеийн утга зохиолд байсан эсэхийг шүүн тунгааж, шинэ соёлд хэрэглэнэ гэсэн хэрэг.Түүнчлэн хүн үзсэн харсан зүйл,санаа бодлоо цаг алдалгүй илэрхийлж, олон түмэнд хүргэх хэрэгсэл гарахаас өмнө тийм хэрэгцээ байсаар ирсэнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм.
Аман нийтлэл нь ард түмний дунд харилцан мэдээлэл солилцох нилээд боловсронгуй хэлбэр бөгөөд олон зууны туршид боловсрон хөгжиж иржээ. Харин мэдээлэл солилцох хэрэгцээ, тийм оролдлого бүр эрт үед холбогдох нь мэдээж юм.
Хад чулуун дээр юмс зурж сийлэх, хоорондоо элдэв юм илгээлцэн түүний утгыг тайлж харилцах зэрэг нь мэдээлэл түгээх, ашиглах гэсэн нэн эртний оролдлого байжээ.Тэр нь цааш хөгжиж, баатар,сайн эрс, эр зоригтны тухай үлгэр домог ярилцах цаг тоолол зохиож мөрдөх болсон зэрэг нь мэдээллийг бусдад дамжуулах зохимжтой аргыг илэрхийлж байсаны жишээ юм.
Сэтгүүл зүй гэдэг бол нийгмийн харилцааны сувгуудыг ашиглан олон түмэнд хэрэгтэй чухал мэдээг цуглуулж,дамжуулж тараах нийгэм-улс төрийн үйл ажиллагаа юм.Энэ зорилгын үүднээс авч үзвэл эртний хүмүүсийн дунд ам дамжин яригддаг байсан домог, явган үлгэр, хууч яриа, тууль зэрэг нь нэг талаар тэднээс амьдрал ахуйгаа тусгаж, санаа бодлоо илэрхийлсэн хэрэг боловч нөгөө талаар мэдээллийг бусдад дамжуулан тараах, хүргэх санааны илрэл даруй мөн.
Бид бас аливаа түүхэн үйл явдалд хандахдаа тэр үеийн хүрсэн түвшин үзэл бодолд өнөө үеийн шаардлага тавьж болохгүй, харин өөрийн үеийн тэргүүний үзэл онол, арга зүйн үүднээс уг үзэгдэл, үйл явдлыг хөгжлийнх нь явц дунд судлах зарчмыг баримтлах нь зөв юм.Үүнээс авч үзвэл сэтгүүл зүй нийгмийн бодит үйл явц болж төлөвшихөөс өмнө түүний аль нэг эмемент, үзэгдэл байгаагүй гэж үзэх нь хэт өрөөсгөл болох билээ.
Нийгмийн гишүүдийг хооронд нь шуурхай харилцуулах хэрэгцээг сэтгүүл зүй биелүүлдэг юм.Олон түмний мэдээллийн зориулалтын текник бүтээгдэж, түүгээр мэдээлэл дамжуулах ажлын арга хэлбэр тогтохоос өмнө хүн төрөлхтөн чухал асуудлаар хоорондоо харилцах,мэдээлэл шуурхай солилцох хэрэгцээгээ ямар нэг аргаар хангаж байсан нь эргэлзээгүй.Чухам энэ үйл явцыл сэтгүүл зүйн өмнөх үзэгдэл гэдэг билээ.
Аман болон бичгийн зохиолоос нийтлэлд хамгийн их холбогдох нь хууч яриа, домог, намтар, үг болон сургаалийн зохиол,ардын заргын бичиг, захидал юм.Тэдгээрийн дотор эрт цагаас инагш мэдээлэл дамжуулах шилдэг аргыг сэтгүүл зүйд улаалан авчирсан зүйл бол аман нийтлэл юм.
Аман нийтлэл нь Монголчуудын төдийгүй дэлхий дахины сэтгүүл зүйн өмнө байсан түгээмэл шинжтэй үзэгдэл юм.
Монгол аман нийтлэл нь айл саахалтын хүмүүс үдэш оройн цагаар цуглаж ахмад настан авьяас билэгтнээс шинэ сонин дуулж,сургаал хүртэж, үлгэр туульс сонсохын тулд тодорхой зохион байгуулалтанд ордог байсан, ийм үйл ажиллагаа нь байнгын тогтмол. эхлэл дуусах хугацаатай байсан зэргээр ирээдүйн мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааны үр хөврөл байжээ гэж үзэх үндэс бий.
Монголчуудын дотор аман нийтлэлийн шилдэг сайн мэргэжилтэн олноор гарсан байна.Шинжлэх ухааны хүрээлэнд олон жил толь бичиг зохиолцож,<<Говийн ургамал>> гэх ном бичсэн Дорж мэйрэнг академич Ц.Дамдинсүрэн аман өгүүллэгийн эх чадвартан байсан тухай дурсаад: <<Би дорж гуайтай олон жил танил, хамт нилээд ажилласан юм. Тэр ярьсан зүйл тус бүр бэлэн уран сайхны өгүүллэг байдагсан. Харин тийм их хууч хөөрөгчдөө нилээд хамт ажилсан боловч нэг ч өгүүллэг бичиж авсангүйдээ харамсаж байна>> гэжээ.
Түүнчлэн ардын хувьсгалын партизан, уг нутаг нь Засагт ханы Дайчин Вангийн хошууны хүн Цогтын Дамдинсүрэн бас их хууч хөөрөгчтэй аман нийтлэлч байжээ.Түүний ярьдаг байсан /Дарлан бандийн хууч  яриа нь:
-Урд Сэлэнгийн жанжин гүний хошуу тамгын газар гэж байлаа.Би тэнд багадаа бичээч хийж байсан юм.Тэгэхэд тэнд дарлан банди гэдэг өвгөн галч байдаг байлаа.Даргар ханхар хар биетэй учраас дарлан гэдэг хочтой болсон юм.Тэр өвгөн галч өдөр турш гал тогооны ажил хийгээд шөнө турш мөргөл хийдэг байлаа.Амрах унтах гэж бараг байдаггүй тамгын бичээч бид нар түүнээс асуудаг байв.Өвгөн гуай та яах гэж мөргөл хийдэг юм бэ? биеэ жаахан амраавал дээргүй юу? гэхэд : иш дүү нар минь би залуудаа их нүгэл хийж явсан хүн,мөргөл хийж нүглээ хөнгөрүүлэхгүй бол болохгүй гэдэг байв.Та ямар нүгэл хийж явсан юм бэ? гэхэд хэлдэгсэн иш дүү нар минь алийг нь ярьж гүйцэх вэ? Тэр нүглийн талаар нэгийг ч гэсэн ярьж өгөөч гэхэд уйдсан залуус гуйхад тэр ийнхүү ярив.
Би урьд хулгайч байсан нуугад яахвээ тэхдээ би хаяагаа хаддаг байсан муу хулгайч байсан.Урьд энд Намнангийн хүрээн дээр нэг баян лам байдаг ба түүнийг Чойдог гэдэг байлаа.Түүний харамчийг нь амьтан гайхах ба би ядуу хүн, тиймээс жаахан юм авч амьдаряаа гэж бодоод зуны шөнө байшинд нь орчихлоо шүү. Хамаг үнэтэй юмаа хийсэн авдрыг нь суллаад, аз болоход хэнд ч мэдэгдсэнгүй аятайхан авч чадлаа, тэрийг нь гэртээ аваачаад далд хийн цувуулан зарж иддэг байлаа. Хөгшин эхтэйгээ хоёулаа хоол унд элбэгтэй цатгалан байдаг боллоо.Нэг жил өнгөрөхөд юм ч шувтрах шахлаа.Хэдэн мөнгөн шахуургатай нэг сайхан ташуур үлдлээ.Тэмдэгтэй сонин эд болохоор зарахгүй хадгалж байв.Гэтэл нэг хүн их үнэ өгөөд байхаар нь тэсэлгүй зарж орхилоо.
Удалгүй ламтан өнөөх эр хоёр ташууран барин орж ирэхэд за бүүр ч харлалаа.Би бас цувчуулж сураагүй залуу байсан юм. Тэр ламтан мэхтэйхэн хараад асууж байна, За хүүхээн энэ ташуурыг хаанаас авсан бэ? ноднин жил би хулгайд юмаа алдахдаа үүнийгээ мөн алдсан юм гэж байна. Би сандарч жаахан гүлгэлзэж байгаад ингэж хэлэв.Чин Вангийн Хошууны Батхүүгээс авсан юм гээд худал хэлчихэв тэр хошуунд Батхүү хэмээх баян хулгайч сайн эр байдаг гэж дам дуулсан юм.Түүнийг ердөө танихгүй зүс үзээгүй,сандраад нэг удаа ч гэсэн холын хулгайч хүний нэр хэлэн мултрах гэсэн юм.Тэгтэл мултарсангүй маргааш нь өнөөх ламтан надад эмээлтэй морь өгч унуулаад гурвуул Чин Вангийн Хошуу явлаа.Зам зуур нэг олон хонь хариулсан хүн байна.Түүнийг хараад би өнөөх хоёртоо хэллээ.
Би тэр хүнтэй уулзаад Батхүүгийнхийг асуугаад ирье гээд давхиад тэр хоньчин дээр очоод хэний хонь вэ? гэхэд Батхүүгийн хонь гэв.Гэр нь хаана байгаа вэ? гэсэнд энүүхэн хөтлийн өвөрт гэж байна. Батхүү өглөө ямар дээлтэй байв? Ямаршуу хүн вэ? Би уулзах юм гэсэнд Батхүү гуай хүрэн тэрмэн дээлтэй байгаа.Халзан толгойтой өвгөн гэж байх юм.Түүнийг дуулаад гурвуул хөтлийг даван нэг баян айлийн гадаа очиж буулаа.Нэг хүүхэн нохой хорьж өглөө.Хүрэн тэрмэн дээлтэй өвгөн гаднаа зогсож байгаад гэртээ орох гэтэл би хормойноос нь татав. Нөгөө хоёр гэртээ ороход Батхүүд амь авар гэв.Нэр чинь хэн бэ гэхэд Банди гэлээ,өөр үг сольж амжилгүй гэрт орлоо.Бидэнд цай идээ өгч байна Хөөе Бандиа чи яагаад хүнийрхээд байгаан бэ? юм идэж уугаач чи ойрдоо үзэгдэхгүй яагаав гээд хуучин танил шиг минь ярьж байв.Гэтэл Чойдог лам хэлж байна би энэ ташуурыг авдрын хамт алдсан юм.Энэ Банди энэ ташуурыг Чин Вангийн Хошууны Батхүүгээс авсан юм та тэр Батхүү нь мөнүү энэ ташуурыг мэдэхүү гээд ташуурыг үзүүлж байна.Өө Тийм өнөө ташуурын эзэн олдлоо гээд ташуурыг орон дээрээ тавиад хэлж байна.Энэ хүү бол манай өмнүүр хойгуур гүйж явдаг хүн, ташуурын эзэнг олоод иржээ. Ноднин жил хулгайч нар манай арван морийг адуун дундаас шилж аваад явчихсан юм. Тэгэхдээ тэр хулгайч нар энэ ташуурыг орхисон юм.Энэ ташуурын эзэнг ол гээд энэ хүүг явуулсан харин эзнийг нь ашгүй олоод иржээ.Цаадуулыгаа ир гээ гэсэнд нэг хүн гараад хэдэн залуусыг аваад ирлээ.Тэхэд Батхүү за ташуурын эзэн олдсон шүү энэ хоёрыг барьж хүлээд илүү гэрт хийчих гэлээ.Тэгэхээр нь хэдэн залуус өнөөх ламыг барьж дагуулсан хүнтэй нь янгинтал хүлээд илүү гэрт хийчихэв.Банди тэдэнд хоол залгуулдаг болж.Тэр хоёр хүлэгтэй хэд хоноод хорь гучин лангийн хахууль өгч байж арай гүж суллагдаж харьсан юм.Тэр лам ташуураа авах байтугай арван морины хулгайд сэрдэгдэж арай гэж харьсан юм.Заалдаад дийлэхгүй гэж мэдээд тэр намайг яаж ч чадалгүй орхисон юм.
Ийм муухай сүнсгүй хэрэ хийлцэж явсан хүн дээ гэж Дарлан банди гуай ярьж байдагсан хэмээн хуучилдаг байжээ.
Эндээс аман нийтлэлийн жижиг сугачуур хуучаас бие даасан сэдэв бүхий дурсамж нийтлэлийн хэлбэрийг олж хөгжсөнг харж болно.Дээрх хууч ярианд болсон явдлыг энгийн хачир чимэггүй энгийн ярианы хэлбэрээр өгүүлжээ.Бас хууч яригч хүн уг үйл явдалд оролцсон болон сайн мэддэг байх нь аман нийтлэл хийх үндэс болдог байна.Энэ бүхнээс дүгнэлт хийвэл аман нийтлэл нь лавтай болж өнгөрсөн үйл явдлыг өгүүлдгээр өнөөгийн сэтгүүл зүйн бичлэгийн нэг хэлбэр болох дурсамж тэмдэглэлийн хэлбэртэй юм.
Аман нийтлэл нь болсон явдлыг бичигт тэмдэглэн үлдээдэг болохоос өмнө үүссэн бөгөөд хожим ард түмний харилцааны нэгэн өвөрмөц заншил уламжлагдан иржээ.Ном,Бичгийн соёл зүйл бүрээр дэлгэрч мэдээллийн урсгал үлэмж нэмэгдсэн <хууч хөөрөх> явдал хадгалагдсаар байгаа нь үүний гэрч болно.
Түүнчлэн 1921оны үндэсний ардчилсан хувьсгалын дараа шинээр мандсан ардын засаг, төрийн үйл зорилтыг тархай бутархай нутагладаг,олонх нь бичиг үсэг мэдэхгүй ард түмэнд хүргэхэд аман нийтлэлийн уламжлалыг шинэ нөхцөлд баяжуулан ашигласан билээ.
Тэр үеэс мэдээлэл дамуулах чухал хэлбэр болж дэлгэрсэн ухуулга,яриа,лекц,улс төрийн сонсгол,сонин уншлага зэрэг нь тухайн цаг үедээ үүргээ гүйцэтгэсэн бөгөод мэргэжлийн шинжтэй ухуулагч,уран илтгэгч нарыг төрүүлж байсныг тэмдэглүүштэй.
Манай ард түмний оюуны үнэт сан болсон Монгол домогт нийтлэлийн өнгө аяс нэвтэрхий шингэсэн байна.Домог нь эрт цагийн явдал байх боловч түүний сургамжийг шинэ нөхцөлд тохируулан ашиглах,хүн ардыг гэгээрүүлж хүмүүжүүлэхэд чиглэсэн нэгэн янзын ухуулга байдлаар нийтлэлд зайлшгүй холбогдох юм.Орчин цагийн өгүүлэл нийтлэл хөтөлбөргүй баримт эх сурвалжид түшиглэн,түүнийг боловсруулах замаар дүгнэлт гаргадаг.Тэгвэл домогт түүнийг сонсож байгаа хүмүүсээр өөрсдөөр нь үйлдүүлж үзэл санаагаа баталж үнэмшүүлдэг байна.Тухайлбал:  < Алангуагийн таван хөвгүүнээ сургасан домогт> Добу мэргэнийг үгүй болсон хойно Алангуа нэмж гурван хөвүүн төрүүлсэнд эцгийн биед гарсан хоёр хөвүүн нь эхийгээ адлан,хүүхдүүд эв түнжингүй болоход Алангуа таван хөвүүнээ зэрэгцүүлэн суулгаж тус бүрт нь нэжгээд сум өгч: <<хугалах тун>> хэмээвэл бүгд амархан хугалж орхино.Дараа нь тав таваар багсалсан сум өгөхөд хэн ч хугалж дийлсэнгүй.Энэ үед Алангуа: << та таван хөвгүүн минь нэг хэвлээс төрөв.Урьд таван сум мэт ганц ганцаар явбал тэр таван сум мэт хэнд ч амархан дийлдэнэ.Эв найрамдалтай явбал багласан сум мэт хэнд ч амархан дийлдэхгүй гэв>> хэмээн өгүүлсэн байдаг.
Энэ мэт домогт дэлхий дахинд ч нилээд түгээмэл тархсан ажээ.Эртний Грекийн Эзопын шог үлгэр, 6дугаар зууны үеийн <Вэй улсын түүх>, 7зуунд зохиогдсон <Хөх товхимолын тайлбар> зэрэгт иймэрхүү домог бий.
Дээр өгүүлсэн Вэй улсын түүхэнд байдаг домгийн нэг хувилбар болох <дөрвөн үндэсний чухал хураангуй бичиг>Хэмээх зохиолд Сүн улсын Юань Киагийн цагт Түгүхэн аймгийн Ван Ачай өвчин олсны хойно хорин хөвгүүнээ цуглуулж тэднээр сум зэвийг өргүүлэв.Үүнд дүү Мулиунд нэг сум өгч <<хугал>> хэмээсэнд амархан хугалав. Дараа нь 19сумыг баглаж өгөөд хугал гэхэд эс чадав.Энэ үед Ачай Ван өгүүлсэн нь: < та нар ухав уу? ганцаар явбал хугалахад хялбар олноор явбал бэрх. Нийт хүч,нэг сэтгэлээр сая улсыг хамгаалвал болно> гэжээ.
Мөн Түвдийн Лхабригамбагийн зохиосон Хөх товхимолийн тайлбар доторх < хутагт ганбын домогт>  < урьд дөрвөн хүүтэй нэг хүн байжээ.Түүний отгон хүү хутагт Гомбо мөн.Эцэг нас барахын өмнө дуудуулан: Хүн бүр нэг чучал авчраад гал түл гэхэд хүн бүр нэгийг авчран гал түлэхэд сайхан ноцжээ.Одоо та нар авчирсан чучлаа тус тусдаа асаацгаа гэхэд олигтой гал болж чадсангүйн тул эцэг нь чучлууд хамт байвал гал болон ноцож байна.Тус тусгаа ноцвол гал унтарч байна. Үүгээр жишээ болгож ах дүү нар нь эвтэй найртай явцгаа гэжээ>.
Бараг нэг домгийн олон хувилбар байж болох эдгээр домгуудад аливаа ажил үйлсийг бүтээхэд эв нэгдэл,хамтын хүчний давуу талыг бодит үйлдлийн үр дүнгээр нэн оновчтой ухуулжээ.
Домогт нийгэм цаг үеийг үнэлж дүгнэсэн зөрчилт байдлаас гарах,даван туулах арга замыг заасан шинж тэмдэг үзэгддэг.Тухайлбал:17зууны үед бүтээгдсэн ЛувсанДанзаны <<Алтан товч>Чингис хааны Алтан ургийн ноёдод захирагдсан Их гүрний нэгдлийг бататгах санаагаар зохиогдсон нэгэн домог байна. Тэр нь: < Эрт цагт мянган тэргүүнд ганц сүүлт могой ажгуу.Олон тэргүүн нь зүг зүг татагдахуйд тэргэнд дайрагдаж алагджээ. Бас мянган сүүлт могой ганц тэргүүнт могой ажгуу. Сүүл нь ганц тэргүүнийхээ хойноос дагаж нэгэн нүхэнд орж тэргэнд эс дайрагджээ. Тэр мэт бид нар мянган сүүлч нь болж хүчээ өгч хатуужсугай> гэсэн бол Мөн зохиолын дотор Чингис хаан хөвгүүдээ сургаж өгүүлсэн нь: < Олон улсыг барсуу.Би нь хураатал сэтгэлийг нь хураагтун.Сэтгэлийг нь хураавал бие нь хаа одохун>. гэж байлдан эзэлсэн олон улсыг зөөлөн аргаар захирч ард түмний сэтгэлийг биедээ татахыг сургасан байна.Энэ бүхнээс үзэхэд домог нь:
-Нийгэм, цаг үе, аж төрөх ёдтойгоор нягт холбогсон
-Тулгарсан асуудал, хүлээгдсэн зорилтийг цэцэн мэргэн ухаанаар даван туулж, шийдвэрлэх арга замыг шууд хэлдэг
-Үг сургааль сонсож байгаа баатруудаа ямар нэг үйлдэл, сорилгод оруулж, үнэнийг биеэр нь мэдрүүлдэг.
-Товч тодорхой өгүүлэмжтэй, хэмжээгээр жижиг зэрэг шинжээрээ ирээдүйн нийтлэл зүйн олон зарчмыг агуулж байжээ.
Монголын эртний бичиг соёл, уран зохиолын дурсгалуудыг бүхэлд нь авч үзвэл нийтлэлийн элемент нэвт шингэсэн байдаг.Аман нийтлэл нь ахуй амьдралд нэвтэрч байгаа шинэ сэргэг үзэгдэл, үйл явдлыг тусгаж, залуу үеийг хүмүүжүүлэх хийгээд танин мэдэхүйн чухал хэрэгсэл болж байжээ.Монголчуудын аман нийтлэлд нум сум яаж сайн харвах, ав хомрогонд хэрхэн оролцож, яаж авлаж намнах, цэрэг дайны явдалд суралцаж газар нутгаа хамгаалах эрдэмд суралцах зэрэг сэдэв томоохон байртай байжээ.
Доктор Ч.Жүгдэр <эртний Монголчуудын ертөнцийг үзэх үзэлд хэдийгээр шашины үзэл голлож байсан боловч материаллаг амьдралын эрхээр байгаль орчинтойгоо болон өөр хоорондоо харилцах харилцааны явцад зан суртууны зохих тодорхой үзлийг боловсруулан бүтээж амьдрал ахуйдаа баримтлан хэрэгжүүлсээр иржээ>гэсэн билээ. Ийм үзэл сургааль нь өдөр тутмын амьдралиас урган гарсан байдаг. Тухайлбал:Хатуу ширүүн уур амьсгалтай орчинд мал сүргээ адуулах, амьдралын эрхээр ан гөрөө хийх, байгалийн хөнөөлт үзэгдлээс өөрийгөө болон өрх бүлээ хамгаалах зэрэг хүч чадал, арга ухаан, хатуужил тэсвэр, зориг самбаа шаардсан үйл хэрэг байв. Ийм шаардлагын улмаас үр хүүхдээ багаас нь хатуужуулж баатар сайн эрс болгон хүмүүжүүлэхэд чиглэсэн аман ухуулга хийх нь ах зах хүмүүсийн хувьд заншил болсон зүйл байв.
Үүнээс үзвэл, эртний Монголчууд ажил үйлдвэрлэл ,амьдрал тэмцлийнхээ явцад өөрийн аман нийтлэлийг үүсгэн хөгжүүлж иржээ. Аман зохиол,нийтлэл нь тухайн үеийн хүн ардын ертөнцийг үзэх үзэлийн тусгал болж байсан бөгөөд үлгэр домог ,ерөөл магтаал ,туульсын хэлбэрээр илэрч байжээ.
Хамгийн чухал нь ардын аман зохиол, нийтлэл цаг үеийнхээ үйл явдлыг тусгадаг байв. Эрэн цагийнхаа түүхийг бүтээх явдал нийтлэлийн онцгой үүрэг мөн гэдэг утгаар авч үзвэл ардын аман зохиолын дотор тухайн цаг үеийнхээ нийгмийн харилцаа, ард түмний аж амьдрал, томоохон үйл явдал тусгасан шинж элбэг байжээ.
Монгол угсаатны онцлог, тэдний аж төрөх ёсны тусгал болж бүтээгдсэн баатарлаг туульсын дотор ч нийтлэлийн элемент арвин тааралддаг билээ. Энэ нь амьдрал ахуйд нэвтэрсэн шинэ зүйл, хүн ардын ухамсарт гарсан ахиц дэвшил тэдгээр туульсын бүтээлд агуулагдаж байдгаараа тодорхойлогдог юм. Философич Эрдэмтэн Ч.Жүгдэр < Монголын баатарлаг туульс үе улиран дамжихдаа хүмүүст уран сайхны цаглашгүй таашаал төрүүлж тэдний сэтгэл санааг хөгжөөн баясгаж, тэр үеийн амьдрал тэмцлийн практик туршлага, мэдлэг оюуны ололт, үзэл санааны зонхилох хандлагыг өөртөө нэгтгэн дүгнэж байжээ> хэмээв.
Монголчуудын амьдралын туршлагаар бүтээгдэж, баяжиж боловсорсоор ирсэн аж төрлийн сургаалиуд нь аман нийтлэлийн хэлбэрээр үеэс үед өвлөгдөж ирсэн бөгөөд цаг үеийнхээ нөхцөл байдалд тохирсон ухуулга юм.
Аж амьдралын сургаалиуд нь нэгдүгээрт: ажил төрөлд уриалсан шинжтэй. хоёрдугаарт: эрдэм ухаанд суралцахыг эрхэмлэсэн шинжтэй.  гуравдугаарт:  байгаль нийгмийн хөгжлийн зүй тогтлыг танин мэдэх гэсэн шинжтэй. Тухайлбал: Хүн уйгагүй тэвчээр хатуужилтай эр зоригтой хөдөлмөрлөж өөрийн амьдралаа зохицуулж аз жаргалд хүрдэг тухай <Гашууныг амсахгүй бол гавьяа эс бүтээх>,<Дэвсгэрээ илээсэн мэргэнээс Дэвсээ элээсэн тэнэг алхана>  <Амрыг эрсээр зовлонд учрах,Алтыг эрсээр аминдаа хүрэх>> гэхчлэн сургадаг бол амьдралд хүч хавсрахын ач тус, эв нэгдэлтэй байхыг чухлыг зааж  <Нэг өдөр танилцаж,Мянган өдөр нөхөрлөнө>  <Бусдын хэргийг бүтээвэл,Өөрийн хэрэг бүтнэ>  <Цувж явсан барсаас, Цуглаж суусан шаазгай дээр>    <Олон хүн эвгүй бол, Оорцог хүний идэш болно> гэх мэтээр хэлэлцдэг.
Түүнчлэн <Уулын чимэг мод,Улсын чимэг эрдэм>  <Эдээр биеэ чимэхээр, Эрдмээр биеэ чим>  гэх мэт эрдэм мэдлэг оюун ухааны хүч чадлыг сэнхрүүлж байсан бол, нэр төр шударга ёсыг номлож <Сайн эм гашуун ч өвчинд тустай, Шударга үг хатуу ч явдалд тустай>  <Шударга хүний зан нь шулуун, үг нь эрс,сониуч хүний зан нь уран үг нь зусар>  <Үхэх бие үлдэх нэр>>гэх мэтээр сургадаг байжээ.
Эдгээр нь хүнд, нийгэмд шууд хандаж, амьдралын үнэнийг оновчтой таниулсан нэг янзын ухуулга, хэзээ ч хуучрахгүй цэнэгшсэн мэдээлэл сургааль юм.
Монголчуудын цаг тооны бичгийг сэтгүүл зүйн үүднээс авч үзвэл бас сонин юм.Тэртээх Хүннүгийн үеэс уламжлалтай Монголчуудын цаг тооны бичиг нь цаг үеэ тусгасан,ажил амьдралд мөрдлөг болж байсан, тогтмол хугацаанд давтагддаг зэрэг шинжээр ирээдүйн тогтмол хэвлэлийн үр хөврөл байжээ гэж үзэх үндэс байжээ.
18 зууны үе болж ирэхэд Монгол зурхайн цаг тооны бичиг тогтворжин ард түмний хэрэгцээний зүйл болсон байв.
Энэ үед Их Хүрээний зурхайн Дацангийн Лам нар <Солбицон барих бодрол бичиг> хэмээх зурхайн зохиолыг ашиглаж байсан бөгөөд уг зохиолыг 17-р зууны эхээр Хятад, Монгол-Түвдийн хорь шахам зурхайч хамтран зохиож Бээжинд Хятад хэлээр гарган дараа нь Монгол хэлээр хэвэлсэн байна.
Зурхайн дацангийн зурхайчид жаран жилээр урдчилан тодорхойлсон <Жалбаширда> хэмээх Түвд нэртэй зурхайн лавлах,мөн жил бүрийн цаг тооны бичиг зохиож, Түвд-Монгол хэлээр хэвлэн гаргадаг байв. <Жалбаширда> лавлах бичиг  <Солбицон барих бодрол бичиг>  хоёр бол олон нийтийн он тоолол аж амьдралын хэрэгцээнд чухал ач холбогдол бүхий зурхай үзэгдлийг тоочин тодорхойлох жинхэнэ гарын авлага байв.
<Солбицон барих бодрол бичиг>-т нар буцах мандах жаргах цагийг хоёр зуун жилээр урьдчилан бодож өдөр шөнийн урт богино болох хийгээд нар сар хиртэх өдөр цагийг тодорхойлон бичсэн байдаг.
Цаг тооны бичиг хэд хэдэн үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэж байжээ. Энэ бичгээд Хөдөө аж ахуйд хийгдэх улирлын чанартай ажил үйлст, баяр ёслолын хугацааг тогтооно. Мөн жил, сарын эх нүүдэлчин малчдын аливаа ажил үйлст эерэг болон сөрөг нөлөөтэй өдөр сарыг тодорхойлж цаг агаарын байдлаас аж ахуйд нөлөөлөх зэргийг нарийн зааж сэрэмклүүлдэг байсан нь орчин үеийн сэтгүүл зүйн зохион байгуулалтын үүргийн шинж чанарыг ямар нэг хэмжээгээр агуулж байсан гэж үзэхэд хүргэж байгаа юм.
Нөгөө талаар энэ нь цаг үеийн чухал мэдээлэл мөн байв.
Эртний Монголчуудын цаг тооны системийн хэвшиж тогтсон хатуу уламжлал,дэг жаягтай холбоотой байдаг бөгөөд түүнд агуулагдсан <.туршлага ба мэдлэгийн нийлбэр дүнг үндэсний соёлын гол ололтуудын нэг болгож, нийгэмд улиран өвлөгдөх мэдээллийн хэлбэрээр хадгалан үлдээсээр иржээ>.


МОНГОЛ АРДЫН АМАН УЛАМЖЛАЛ ДАХЬ ТО ВАН СУДЛАЛЫН АСУУДАЛД
Манай түүх соёлын гайхамшигт дурсгал болсон ардын аман уламжлалаас судлаж суралцах зүйл асар их билээ. 1921 онд байгуулагдсан судар бичгийн хүрээлэн, түүнээс эхтэй ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид ард түмнийхээ аман уламжлалын сан хөмрөгөөс цуглуулж эмхтгэн үндэсний хэл бичгээр хэвлэн нийтлүүлэх ажлыг эрхлэн гүйцэтгэж байна. Тус эрдмийн хамт олны гаргаж буй “Монгол аман зохиолын чуулган” нэртэй 99 боть номоос уншихуй улс орны түүхэн замнал, ухаантан мэргэдийн амьдрал үйлсийг бийр янтай, бичгийн цаас гэлтгүйгээр оюун санаандаа шингээн олон үеийг дамжуулан мөнхжүүлж ирсэнд монгол ардын аман уламжлалын ач холбогдол, үнэ цэн оршиж байна.
     Монгол ардын үлгэр туйльс, оньсого таавар, ерөөл магтаал, домог,уртын дуу, шог хошин яриа зэрэг зан үйлийг илтгэсэн аман зохиолыг судлаачид зохиомж утга агуулгаар нь  танин мэдэхүй буюу шинжлэх ухааны сэдэвтэй домог, бурхан шашны сүсэг бишрэлтэй холбогдсон домог,үлгэр туульсийн сэдэвтэй домог гэж ерөнхийд нь 3 ангилан үзэж байв. Сүүлийн үед манай нэрт эрдэмтдийн нэг академич хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Хорлоогийн Сампилдэндэв энэ ажлыг нэлээд өргөжүүлэн
–Угсаатны домог, түүхэн сэдэвт домог (үүнд хаад ноёд, баатар эрс, бөө удган, хутагт хувилгаад, хүчит бөхийн домог багтана.)
-Аж байдлын сэдэвтэй домог (үүнд дуу, хурдан хүлэг, дом ог туульсууд орно.)
-Газар нутаг, уул усны домог гэсэн ангилалуудыг нэмэх санал тавьжээ
Шинжлэх ухаан, танин мэдэхүйн үүднээс монгол ардын аман зохиолыг авч үзвээс дотор нь  одон орон, зурхай, тоон ухаан, бодис зүй, хувилахуйн ухаан, биологи, анагаах ухаан, эдийн засаг, менежмент бизнесийн ухаан, аж төрөх ухаан, урлахуйн ухаан гээд ангилж болохуйц өргөн цар хүрээг хамарч байна.
Манай ардын аман зохиолыг аль ч талаас нь авч үзсэн улс орны түүхэн хөгжилт цэцэглэлт, дайн энхийн асуудал хийгээд их бага хаад, хан, ван, гүн, бэйл, бэйс,тайж ноёд, лам хувраг, баатар дайчин эрс, эрдэмтэн мэргэд, ард олны сод соргог элитүүд улс үндэстнүүдийн сэтгэл зүрхэнд мөнхөлсөн түүх соёлын үнэт дурсгал юм. Энэхүү үнэт дурсгалыг зөвхөн улс түмэн л бүтээдэг байна.
Сүүлийн хэдэн жилд сайн бөх, сайн дарга, сайн эрдэмтэн, сайн улс төрчдийн хөшөө дурсгалыг амьдад нь  сүндэрлүүлж, намтар түүхийг нь хэвлүүлж, алдар гавьяаг нь магтан тэмдэглэх хандлага сүрхий өрнөх болсныг энэ дашрамд тэмдэглье
Урьдын суут хүмүүс гэдэг маань  ирэх цагийн дуудлагыг олноос түрүүн оюун ухааны торгон ирээр мэдэрч, эх орон хүн зоны сайн сайханд зориулахаар эндэж мандаж явсан анхны алтан хараацайнууд байжээ. Тийм хүмүүс хүн хүний сэтгэл зүрх, улс улсын түүх шастарт мөнхөрдөг ажгуу. Тэдгээр хүмүүсийн нэгэн жишээнд  Халхын Сэцэнхан аймгийн Илдэн вангийн хошууны ноён Бат-Очирын Тогтохтөр вангийн алдар суу, ажил үйлс зүй ёсоор багтана.
Эдүгээ эзэн богд Чингис хааны  алтан ургийн сод элит, сурвалжит язгууртан, сэхээтэн, Бат-Очирын Тогтохтөр ноёны талаар уншдаг, бичдэг, судалдаг сурталчилдаг оюутан, сонсогч, эрдэмтэн мэргэжилтэн, сэхээтэн хүмүүс нэн олон болжээ. Б.Тогтохтөрийн тухай бүтээлүүдийн товч тайлбараас энд зөвхөн хоёрыг шилэвээс: Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор То ван судлалын нийгэмлэгийн Эрдмийн зөвлөлийн дарга Даваагийн Лхаашид асан
“Тогтохтөр бол шилдэг менежер, холч бодлоготон, агуу их шинэчлэгч, соён гэгээрүүлэгч, эрдэмтэн судлаач, цогтой эх оронч, нийгэм төрийн нэрт зүтгэлтэн хүн байлаа”.
Нэрт дипломатч, То вангийн байгуулсан Илдэн вангийн хошууны танхим сургуулийн сурагч Баярын Жаргалсайхан
“Сэцэнхан аймгийн Илдэн вангийн хошууны ноён Бат-Очирын Тогтохтөр болXVIII-XIX зууны монголын төр нийгмийн гарамгай зүтгэлтэн байжээ. Түүнийг Халх даяар хэцүү То ван гэх бөлгөө. Оюун ухаан, хүч хөдөлмөрөө хослуулж, хүний гар харахгүй аж төрөхийг сургамжилсан түүний сургаал номнол өдий төдий буй. Тэрээр тухайн үедээ менежерийн утга учрыг ойлгосон хүн байсан бололтой. Түүнийг их соён гийгүүлэгч, зохион байгуулагч, эдийн засагч, гүн ухаантан, яруу найрагч, уран бүтээлч гээд тоочих юм бол олныг өгүүлж болно -гэжээ.
Номч мэргэн хамба лам С.Гомбожавын хийсэн судалгаагаар Манжийн дарангуйлалд байх үеийн 200 гаруй монгол эрдэмтэн сэхээтнүүд 500 гаруй бүтээлээ манж төвдөөр туурвижээ.
Харин Б.Тогтохтөр зохиол бүтээлээ сургаал номнолын хэлбэрээр уйгуржин монголоор бичиж, заримыг нь модон барын аргаар хэвлэн түгээж байсан нь эдүгээ манай түүх соёлын үнэт дурсгал болон үлдлээ. [6,7,8,9]  Үүний зэрэгцээ судар номыг гадаад хэлнээс эх хэлнээ хөрвүүлж сүм хийд, айл өрхөөр түгээж байв. Түүний бичгийн үлдээсэн номуун сургаалаас гадна ард түмний дунд үе улиран яригдсаар ирсэн аман уламжлалын төрөл болох домог, дурсамжууд өдий  төдий бий.
Эрхэм уншигч,судлаачид та бүхэн энэ номоос урьд Б.Тогтохтөрийн хошууны түүхт нутагт эртний хүмүүс нутаглаж суурин байгуулж энд мал гэршүүлж, Хүннүгийн зэс олборлож байсан ба хожим нь Халхын голын үзэсгэлэнт Данжаалан аралд Бөртүжин хатан мэндэлж, Чингис хаан Дорнодын тал ажил үйлсээ  өрнүүлж явсан. Тогтохтөр ноён тухайн үедээ хил хязгаараа, дээдсийн онгон, бурхан шүтээн, тахилга тайлгатай уул овоогоор дархалж мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь  аривжуулж үүлдэр угсааг нь  сайжруулан загас үржүүлж, будаа тариулж, цэмбэ нэхүүлж, хүнсний цэвэр талст давс ургуулж орд харш бариулан сургууль соёлын газрууд байгуулж явсан. Энэ ном танд хүрснээр та бүхэн “Хонгор хулстай” гэдэг газарт Эрдэнэтийн овоо, Оюу толгойн ордтой дүйцэхүйц зэс эрдэнийн, “Алтан худаг”-аас шижир алтны, “Хадны ус”-наас мөнгөн усны, Лаг, Тосонгийн нууруудаас газрын тосны орд газрууд хайж, Буйр нуур, Алтан голын элснээс усан болор тунгаан, Цагаан уулын талд хулан нутаглуулах боломжтойг олж мэднэ.
Хуучны То вангийн хошуу нутгаар аялаж хууччуултай уулзан Б.Тогтохтөр ноёны тухай амнаас ам дамжин ирсэн алт шиг үнэтэй түүх домогоос сонсохуйяа алт, мөнгө, халуун төмрийн дархчуул, мужаан сийлбэрчдийн үйл бүтээх хөгжмийн хүрээлэнгийн (бүжин, дуу,хуурын) хөг аялгуу чихнээ сонсогдох шиг болж, өргөн талын энгээр алтрах амуу тариан түрүү дорнын цэнхэр салхинаа халиуран найгах нь нүднээ үзэгдэх шиг болж, Тогтохтөр ноёны хурц ухаан мэргэн сургаал оюун санааг гийгүүлэх шиг санагдана.
Б.Тогтохтөр ноёны өөртөө хөшөө дурсгал босгож,алдар нэрээ мөнхжүүлж орхисонгүй. Эрдэм ухаанаар аж төрөх арга ухааны мөнхийн сургаалыг эх сайхан орон, элгэн олон түмэндээ номнож үлдээжээ. Мэргэн суут хүмүүсийн гэрэлт хөшөө дурсгал ард түмний сэтгэл зүрхэнд аман уламжлалаар ийнхүү үеийн үед  мөнхөрдөг ажгуу.
Дүгнэлт
1. Монгол ардын аман  уламжлал дахь Тогтохтөрийн тухай судалгаа нь урьд нарийн хийгдэж байгаагүй судалгааны шинэ сэдэв болно.
2. Ардын домог аман уламжлалаар То ван судлалыг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой.
3.Тогтохтөр ноёны тухай ардын аман уламжлалын судалгаа нь түүх соёлын салбарын төдийгүй байгалийн шинжлэх ухааны хөгжилд түлхэц болохуйц шинэлэг ухагдахуунтай байна.





                                              Халхын хэцүү То ван Тогтохтөр
                          
Монгол улсын түүхнээ Халхын хэцүү То ван хэмээн мөнхрөн алдаршсан Бат-Очирын Тогтохтөр (Тогтохдорж-төрөхөд нь анх хайрласан нэр.Б.П) 1797 оны 9-р сарын 15 наа Сэцэнхан аймгийн Илдэнхошууны нутаг “Сангийн далай” гэдэг газарт засаг ноён Бат-Очирын гэр бүлд төржээ. 25 настайдаа эцгийн хэргэм зэргийг залган, хошууны ноён болсон ба 1839 онд Хэбэй ван, 1859 онд Сэцэнхан аймгийн Чуулганы даргаар томилогджээ. То ван Бээжинд шадарт яваад буцах замдаа 1868 оны 4-р сарын 6 нд учир битүүлэг шалтгаанаар насан эцэс болжээ.
То ван бол алтан ургийн 35 дахь үеийн, эзэн богд Чингис хааны 27 дахь үеийн хүн агаад төр нийгмийн нэрт зүтгэлтэн, аугаа соён гэгээрүүлэгч, авъяаслаг зохион байгуулагч, цогтой эх оронч хүн байлаа.
То вангийн гарал үүслийн талаар түүхэн баримт сөхвөөс дээд өвөгөөс нь хошуу захирсан анхны хүн нь жонон Пунцог байжээ. Монгол улс 1688 онд Манжид дагаар орсон, 1689 онд То вангийн дээд өвөг Пунцог хошуу захирсан ноён болж, 1691 онд жун ван цол хэргэм хүртсэн ба 1692 оноос Монгол Манжийн эрхшээлд орж, хуулинд нь  захирагдах болжээ.
То вангийн эх орныхоо тусгаар тогтнол, ард олныхоо сайн сайхны төлөө хийсэн ажил үйлс, шинэтгэлийн үйл ажиллагаа нь хичнээн дэвшилтэт байсан ч Монголыг эрхшээж байсан Манжийн засаг төрийн бодлогын эсрэг чиглэж байснаас ямарч дэмжлэг авч байгаагүй, харин ч шахалт хавчлагатай байнга тулгарч ирсэн байна. Түүнчлэн 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын үед То ван амьд байсангүй. 1921 оны Ардын хувьсгалын үзэл баримтлал нь ангич намч зарчимд тулгуурлаж байснаас түүнийг феодал ангийн гаралтай, язгууртан сэхээтэн байсан гэж үзэн, То вангийн үйл ажиллагааг хөхүйлэн, төдийлөн нарийн сайн гаргаж ирээгүй юм.
Үүнээс үндэслэн, урьд Монгол улсын түүхэнд То вангийн тухай төдийлөн нарийн тусгагдаж байсангүй. Гагцхүү 1990 оны ардчилсан хувьсгалын уур амьсгалаар То ван судлалыг бие даалган хөгжүүлэх бололцоо нөхцөл бүрдэн, Монгол судлалын шинжлэх ухааны бүрэлдэхүүн хэсэг болон нарийн судлагдаж байна.
Германы их гүн ухаантан Гегель хэлэхдээ “Түүх 3 үе шатыг дамжиж байж сая шинжлэх ухаан болно. Эхний шатанд хуулбарлагдан (голдуу магтагдах), хоёрдахь үе шатанд гуйвуулагдан (муучлагдах), гуравдахь үе шатанд гүн ухаанчлагдах ажээ. То ван бол эхний шатыг алгасан хоёр, гуравдахь шатаар гарч ирсэн сонин содон хувь заяатай хүн юм.
Нэгэн цагт То вангийн эдийн засгийн сэтгэлгээний асуудлыг ШУДБХорооны дарга асан Ч.Сэрээтэр, хууль эрх зүйн сэтгэлгээний асуудлыг МАХН-ын УУТ-ны гишүүн, ТХ-ны нарийн бичгийн дарга асан С.Жалан-Аажав нар судлаж байсан боловч үр дүнг нь улс төрийн тодорхой шалтгаанаар гаргаж тавиагүй өнгөрсөн байна. Харин 1968 онд ШУА-ийн академич, төрийн хошой шагналт, түүхч Шагдаржавын Нацагдорж эрс цагийн эвийг олж, То ванг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан түүхийн тавцанд гаргаж ирсэн анхны монгол эрдэмтэн хүн юм. 
Их академич түүхч Ш.Нацагдоржоос гадна манай нам төрийн ахмад зүтгэлтэн Жамсрангийн Самбуу, академич Хөдөөний (Дамдины) Пэрлээ, академич Мятавын Төмөржав, академич Осорын Шагдарсүрэн, төрийн шагналт зохиолч, академич Пүрэвийн Хорлоо, ШУГЗүтгэлтэн, түүхч Лхамсүрэнгийн Жамсран, доктор профессор Даваагийн Лхаашид, нэрт дипломатич, профессор Баярын Жаргалсайхан нарын манай олон нэрт эрдэмтэд гүн гүнзгий судалжээ.
Гадаад орны эрдэмтдийн судалгаа 1926 оноос эхэлсэн ба ОХУ-ын эрдэмтэн В.А. Казакевич, А.П.Окладников нар анхлан, Англи улсын эрдэмтэн доктор Тэрри Пийч, Герман улсын эрдэмтэн хатагтай Вероника Вэйт нар удаалан судлаж судалгаа шинжилгээнийхээ материалыг өөрийн улсын хэлээр хэвлэн нийтэлсэн байдаг.
Монгол улсын төрийн шагналт, зохиролч, академич П.Хорлоо гуай:-суурин соёл иргэншилтэй Европын эрдэмтэд “Амьдрал бол тэмцэл юм” гэсэн байхад, нүүдлийн соёл иргэншилийг суурин соёл иргэншилтэй хослуулан аж төрөх ухааны сургаал туурвисан  халх монголын хэцүү То ван “Амьдрал бол ухаан юм” гэж  гайхалтай сайхнаар гүн ухаанчилсан тухай үнэлсэн бол, Германы Бонны их сургуулийн профессор, хатагтай  В.Вейт “Хийж бүтээж байж, улс орон оршин тогтноно гэж То ван үзэж байсан нь түүнийг гойд ухаантай төрийн зүтгэлтэн хүн байжээ,-гэсэн дүгнэлтэнд хүргэж байна,-гэж монголч эрдэмтдийн олон улсын их хурлын индрээс илтгэсэн ба Английн Манчестрийн их сургуулийн захирал багш, доктор Терри Пийч То вангийн мэндэлсний 200 жилиийн ойгоор Халхын голд зохиогдсон олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавихдаа “Зах зээлд шилжих хүндрэл бэрхшээлтэй энэ үед Монгол улсын хувьд То вангийн сургаал гадаадын зээл тусламжаас илүү өгөөжтэй байх болно”- гэж тэмдэглэсэн байхад Италийн судлаачид “То ван бол Монголчуудын бахархал агаад То ван судлалын нийгэмлэг нь итальчуудад монголын тухай шинэ соргог мэдээдэл өгдөг дэлхийн нэр хүндтэй эрдэм шинжилгээний байгжуллага юм” –гэж үнэлсэн байдаг.
1968 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс эрхлэн “То ван, түүний сургаал” номыг эрдэм шинжилгээний бүтээл болгон хэвлүүлсэн. Их академич Ш.Нацагдорж, зохиож, академич Х.Пэрлээ хянан тохиолдуулсан судалгааны энэ бүтээлээр То ванг шинжлэх ухааны үндэстэй судлах цогц ажлын суурь тавигдсан байна. Тэр үеийг хүртэл То вангийн сургаалаас бага сага зүйл хэсэгчлэн хэвлэгдэж байсан. Жишээ нь, 1930 аад онд Монголд То вангийн сургаалыг орос хэлээр хэсэгчилэн орчуулж хэвлэж байжээ.
Манай оронд То ван судлалыг бие даалган хөгжүүлэх нөхцөл бололцоо буй болсноор 1996 онд ШУА, Дорнод аймгийн ЗДТ-ын газраас хамтран нийслэл хотноо эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, тус хурлаас То ван судлалыг хөгжүүлэх чиглэл гарч, эдүгээ “То ван судлалын нийгэмлэг” нэртэй байнгын ажиллагаатай төрийн бус эрдэм шинжилгээний байгууллага байгуулагдан ажиллаж байна. Үүний үр дүнд То ван судлалыг нэгэн цэгт төвлөрүүлэн ажиллах болов. Тус нийгэмлэгт дэлхийн 10-аад орны 200 шахам төр нийгэм, урлаг соёл, хэвлэл мэдээллийн зүтгэлтэн, эрдэмтэн сэхээтнүүдийг эгнээндээ багтаасан Эрдмийн 18 салбар зөвлөлд ажиллан, судалгаа шинжилгээний өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж байна.
То вангийн бүтээлч үйл ажиллагааг тухайн цаг үетэй нь холбон судлаваас, 1822 онд хошууны засаг ноён болохоос өмнө Илдэн засаг хошуу 58 мянган толгой малтай, 1698-1618 онд Халхын голд байгуулсан “Халхын сүм” нэртэй, манжаас Ганданчойнхордашпэлжээлин нэр шагнуулсан нэг хийдээс өөр барилга байшингүй байсан бол То ван хошуу захирсныхаа дараа Илдэн засаг хошууны төв -Тамсагбулагийг суурин соёл иргэшлийн томоохон төв болгон хөгжүүлж, сургууль соёлын газар, “Соёлыг бадруулагч”, “Хамгийг хамгаалагч” сүм, Ноёны ордон, сүмбэр уул, хиймэл нуур, суваг шуудуу байгуулж, алт мөнгө, чулуу, оёдол, хатгамал, халуун төмөр, мужаан, тариалангийн аж ахуй, гурилын тээрэм, арьс элдэх, цэмбэ нэхэх гар үйлдвэрийн газар нээн ажиллуулж, малынхаа тоо толгойг 58-аас 120 мянгад хүргэсэн байна.
Оюуны салбарт туурвисан То вангийн бүтээлээс дурьдвал, нүүдлийн соёл иргэншил, суурин соёл иргэншлийг хослуулан амьдрах ухааны сургаал болгон “Хэбэй вангийн аж төрөх үйлийг заасан сургаал” зохиолоо 1853 онд туурвисан нь одоогоор бидэнд мэдэгдээд байгаа монголчуудын зохиолсон эдийн засгийн ухааны анхны ном болно. То ван бол гэрийн өндөр боловсролтой хүн байснаас, уйгуржин монгол үсгийн дүрэм зохиож, өөрийн хошуунд байгуулсан “хошуу тэнхим” нэртэй төрийн сургуулийн сурах бичиг болгон хэрэглүүлж байв.
Тэр цагт То ван Монгол улсын хаан байсан бол их зүйлийг бүтээх хүн байсан нь тодорхой. Пунцог жононг хошууны анхны ноён болсноос хойших 30-аад жилд гараагүй их ахиц өөрчлөлт, шинэчлэлтийг То ван хийжээ. Манжийн төрийн бурангуй бодлогод бурантагтай тэмээ шиг хөтлүүлж явсан бусад ноёдоос бадрангуй үйлсээрээ тод ялгарах гавъяат үйлтэн бол То ван мөн. То ван хэдийгээр феодал ангийн томоохон төлөөлөгчдийн нэг байсан ч гэлээ бусад ноёдоос ялгарах холч, гойд гоц, цэц ухаантай хүн байв. Монгол ноёд Манжийн татварын зэрэгцээгээр өөрсдийн алба гувчуурыг нэмэгдүүлэн ард түмний амьдралыг улам хүндрүүлж байсан. Харин То ван татварын бодлогоор Манжийн засгийн дарамт шахалтыг бага ч болов хөнгөрүүлэх арга замыг эрэлхийж байв. То ван самбаачлан, албан татварын хөрөнгөөр хошууныхаа 4 жасыг том лам нарын мэдлээс гарган, үйл ажиллагааг нь өргөтгөн байгуулж, өөрөө удирдан, өртөө улааны алба хаших, уран барилга, бурхан шүтээний зураг төсөл зохиох,ном хэвлэх, ядуучуудад абшиг хишиг хүртээх зэргээр эдийн засгийн шинэчлэл явуулахад ашиглаж иржээ.
1859 онд То ван гуай Тамсагбулагаас 5 өртөө газарт 21340 ам метр талбай эзлүүлэн газарт өнгөт эрдэнэсийн чулуу шигтгэн байгуулж эхэлсэн Жигважиджав Жанрайсиг их бурхан бүтээх ажлаа 1864 онд Халхын голд өндөрлөсөн. Өнгөрсөн зуунд түүний бүтээсэн соёлын түүхийн энэ үнэт дурсгалыг мэндэлсний нь 200 жилийн ойгоор сэргээсэн. нь түүх соёлоо дээдэлдэг манай эрдэмтэд, судлаачид, түүхчид, сүсүтэн олны хамтын бүтээл, өнгөрсөн зууны томоохон буяны үйлсэд зүй ёсоор тоогодоно..
То ван эх орноо эдийн засгаар хөгжүүлэн, хүн ардаа соён гэгээрүүлж, аж амьдралыг нь өөд татах ажлыг амьдрал, үйл ажиллагааны гол зорилго болгон тавьж, хошуу захирсан 46 жилд хөгжсөн хүнтэй улс хөгжилтэй байна гэсэн ойлголтоор их зүйлийг амжуулжээ.  Хөдөлмөрийн бүтээмж нэмэгдүүлэх, цагийг үнэлэх, нэг ажил хийх далимд хэд хэдэн ажил амжуулах, ард олноо гэгээрүүлэхэд их анхаарсан, үүний зэрэгцээ урлаг уран сайхан, спорт, шашин шүтлэг, сүсэг бишрэл, баяр наадамд хүртэл шинэчлэлт өөрчлөлт оруулан, спортын наадмыг үндэсний урлагийн тоглолттой хослуулан, цагтаа дуу, бүжиг, хөгжмийн сургууль, филармони хүртэл байгуулж байсан нь То ван судлал хөгжих болсны ачаар судалгааны объект болжээ.
Манжийн эрхшээлийн үед байнга гардаг байсан маргаан, зөрөлдөөний нэг түгээмэл  хэлбэр нь гшазар нутгийн хил хязгаарын асуудал байлаа. Нутаг дэвсгэр, хил хязгаарын маргааныг нааштайгаар шийдвэрлэх явцдаа Ар булаг, Модон хашаат, Хулд уул зэрэг нэр бүхий Манжид алдагдсан газрыг мэргэн ухаанаар өөрийн нутагт буцааж авсан. Дашрамд тэмдэглэхэд, өнөөдөр монгол хүн дорнодын тал нутагтаа очиход гадаад оронд очсон юм шиг санагдах болж, “Монгол улсын зүүн хязгаар нутгийг надаас хойш сайн хамгаалж байгаарай” гэсэн То вангийн аман гэрээслэлийн амин үгс өөрийн эрхгүй сэтгэлд буух болжээ. 
То ван тусгаар тогтнолоо сэргээн, туйлдаж сөхөрсөн эдийн засгаа өөд татахаар мал аж ахуй, газар тариалан, гар үйлдвэр, шашин шүтлэг, урлаг уран сайхан, боловсрол соёлын олон салбарт шинэчлэлт өөрчлөлтийг нэгэн зэрэг хийхэд монгол үндэснийхээ уламжлалд тулгуурах ганц зөв зам байгааг алтан ургийн язгууртан сэхээтний хүний эх оронч үзэл, эдийн засгийн мэдлэг мэдээлэл, мэргэн ухаан, торгон мэдрэмжээр олж харсан хүн бөлгөө.  
Манж гүрний төрийн эрхшээлд орж, алдагдсан Монгол төрийн эрх дарх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг сэргээх зорилгоор улс төрийн тусгаар тогтнолоо олж авах, байгаль цаг уурын хүндрэл, гадаад дотоодын албан татварын дарамтад давхар нэрвэгдэн босох тэнхэлгүй болсон аж ахуйгаа өөд татахын тулд эдийн засгийн шинэчлэл явуулах зорилго тавьсан Б.Тогтохтөр ноёны үйл ажиллагаа нь То ван судлаачдын бүтээлээр тодорхойлогдож байна.
То вангийн бүтээсэн түүх соёлын дурсгалт зүйлийг сэргээх, нэр алдрыг нь мөнхжүүлэх зорилгоор Жанрайсиг их бурханыг сэргээж, төрсөн газарт нь гэрэлт хөшөө босгон, Тогтохтөр ноёны тухай түүхэн сэдэвт уран сайхны болон баримтат кино бүтээж, нэрэмжит гудамж, ЕБС-ийг Улаанбаатар хот, Халхгол суманд буй болгож, бэсрэг симфони, дуу хөгжим зохион, То ван судлалаар “108 цуврал бичиг” ном хэвлүүлж байгаа ба, эрдэм шинжилгээний хурал тогтмол хийлгэж, энэ ажилд дотоод гадаадын олон судлаачдыг оролцуулж байна.   
Цаг үе түргэн өөрчлөгдөн хөгжиж байна. Урагшлах замдаа бид То вангийн авч гээхийн ухаанаас судлах, суралцах зүйл асар их бий. Нийгмийн тогтолцоо солигдон, цаг үеийн өөрчлөлтийг дагаад шинэ нийгэмд хүргэх хөрөнгө оруулалтыг хэсэг бүлэг хүмүүсийн хувийн сонирхол сүүдэр мэт дагах болсон энэ үед ч хөрөнгийг хөгжилд хэрхэн зөв зарцуулахад То вангийн хэмнэлтийн бодлогыг авч хэрэглэвээс хуучраагүй агаад ач холбогдлоо алдаагүй байна.   
 
                                      Элжгэн Халхын утга соёл аман болон бичгийн зохиолын уламжлал

Уг ажлын бүтэц нь Удиртгал, Элжгэн халхын утга соёлын ерөнхий өгүүлэмж, Элжгэн халхын аман билгийн уламжлал, Элжгэн халхын бичгийн зохиолын хөгжил хэмээсэн гурван бүлэг, дүгнэлт, номзүй, зүүлт тайлбар, хавсралтаас бүрдэнэ. Хүн төрөлхтний оюуны баялаг өв, монгол үндэстний бий болгосон утга соёлын эрдэнэсийн их санд тэрхүү нэгэн дээвэр туурганд багтан орших угсаатан, ястан, аймаг, овгийн оруулсан хувь нэмэр үлэмж билээ. Чухам иймд манай монгол судлалтан нарын судалгаа овог аймгаас угсаатан үндэстэнг хамарсан өргөн далайцтайн сацуу аль нэг ястан, овог аймгийн өвөрмөц шинж, үл давтагдах талыг нь тодорхойлон тэмдэглэсээр иржээ. Монгол оронд утга соёл түгэн дэлгэрсэн тэр л үеэс эхлэн түүний ухагдахуун, хүндэтгэл бэлгэдлийн тогтолцоо, зан үйл, хэрэглээний олон талыг боловсронгуй болгож ирсэн гэж үзэж болно. Монгол утга соёлын хөгжил аль нэг цаг үед эрчимжин мандаж, зарим үед буурч, зарим тохиолдолд бүр мартагдаж үгүй болж байсан ч үндэсний онцлог, язгуур шинжээ хувирган өөрчлөх, өөр шинж тэмдгээр уламжлах зэргээр хадгалагдсаар ирсэн билээ. Бидний үед тодорхой мэдэгдэж буй харьцангуй эрт үед холбогдох, давтагдашгүй шинжтэй Элжгэн халхын утга соёлын жишээ нь аман билгийн өв, XIII зууны үеэс төр ёсны тахилгад орж байсан төрийн цагаан тугийг тахих "Сүлд цэнгэх ёс", арай хожуу үед хошууны захирагч, яруу найрагч С. Лувсандондовын дуу шүлэг, хошуу нутагтаа үүсгэн санаачилж байсан дэг ёс, дүрэм журам, төв халхаас уламжлан ирсэн ёс заншлын зарим нь газар нутгийн байршилт, хаяа нийлэн суух баяд, дөрвөд, сартуул, хотгойдын зан дадгаалын харилцан нөлөөлөлд автан улмаар өөрчлөгдсөн тэргүүтнийг дурдаж болно. Эрдэмтэн судлагчид Элжгэн халхыг нэгэн өвөрмөц овог аймаг хэмээн үзэж, янз бүрийн талаас нь судалж, холбогдох ном бүтээлдээ дурдаж ирсэн бөгөөд голлон үндсэн судалгааныхаа хажууд дам давхар өгүүлж ирснээс Элжгэн халхын утга соёл, аман болон бичгийн зохиольш уламжлалыг тусгайлан хөндөн үзсэнгүй. Элжгэн халхын утга соёлын талаар судалсан зүйлийг үзэхэд, нэгд, Лувсандондов гүний намтар, уран бүтээлийн, хоёрт, аман билгийн өв, түүх соёлд холбогдох мэдээ баримтуудыг нэрлэж болох бөгөөд Элжгэн халхын утга соёлын гол зүйлс, аман билгийн жишээ нь Лу жанжин гүний үйл хэрэгтэй холбогдож уран бүтээлд нь шингэсэн тул бид энэхүү ажлын хүрээнд нэг бүлэг болгон хамтатган авч үзэхдээ өмнөх судлагчдын хараахан бүрэн хэмжээнд тодруулаагүй хэсгийг хөндсөн нь элжгэн халхын утга соёлыг цогцоор нь харах гэсэн оролдлого мөн болно. Элжгэн халхын утга соёлд холбогдох онцлог зүйлүүдийг сурвалжлан цуглуулсан эх хэрэглэхүүн, судлагчдын бичиж нийтлүүлсэн, тэмдэглэсэн зэрэгт үндэслэн тус тусынх нь мөн чанар, хоорондын шүтэлцээ, түүнийг илэрхийлж, уламжлан хадгалж ирсэн хүн зоны сэтгэлгээ нь чухам ямар зүйлээр илэрч байгааг тодорхойлсны үндсэн дээр Элжгэн халхын утга соёлын зарим асуудлыг тайлбарлаж, зохих дүгнэлт өгөхийг зорив.
Элжгэн халхын аман билиг, бичгийн уран зохиолын харилцан хамаарал, зан үйлийн сэтгэлгээний хэв шинжийг илэрхийлж, хүн зоны ухамсар, байгаль дэлхийдээ хандах хандлага болоод утга соёлын тухайд ерөнхиЦ. байдлыг тодорхойлсон нь өнөөгийн хэл бичгийн ухааны нийтлэг, цогц чанарыг бүрэлдүүлэхэд нэлээд ач холбогдол бүхий зангилаа асуудлын нэг бөгөөд үүнд зохих ёсоор хувь нэмэр болохуйцаар хандав. Мөн, шинжлэх ухааны хөгжил зохих шатанд хүрч өөр хоорондоо нэгдэх болсон энэ цаг үед нийгэм соёлын хүн судлалын ухаанд баримталж буй үзэл хандлага, зарим аргачлалыг хэрэглэн энэ хүрээнд соёлыг тайлбарлахад шинэлэг байр сууриас хандсан болно. Монгол утга соёлын хүрээнд өөрийн гэх өвөрмөц шинжийг агуулсан Элжгэн халхын утга соёл нь монголчуудын танин мэдэхүйн сэтгэлгээний зарим онцлог, энэ нутаг оронд болсон хэрэг явдлыг уран сайхнаар боловсруулан амаар дамжих, бичигт тэмдэглэгдэн үлдэхдээ зан ааль, зан үйлийн шинжийг тусгадаг тул судалгааны үнэт хэрэглэхүүн, баримт болох үүднээс үндсэн агуулгадаа хандав. Монгол аман зохиолын нэгэн хэсэг болох Элжгэн халхын аман билиг нь тэдний танин мэдэхүйн сэтгэлгээний уламжлал, түүх соёл, хэв заншлыг хадгалан үлдсэнийхээ хувьд судалгааны үнэт хэрэглэхүүн болох юм. Тэр аман зохиолын охь дээжийг шингээсэн жишээг ажиглаж байхад Элжгэн халхын ахуй амьдрал, түүх соёл, байгаль дэлхий, оршин ахуйгаа танин мэдсэн мэдрэмж, төсөөлөл нэвт шингэсэн сонирхолтой өгүүлэмж, адилтгал зүйрлэл, дүр дүрслэлийг хадгалан буйгаараа янз бүрийн мэдлэг ухааны айд хамрагдан судлагчдын анхаарлын төвд ямагт байсаар иржээ.
Монгол уран зохиолыг дотор нь үгийн урлагийн туурвилынх нь хувьд аман зохиол, бичгийн уран зохиол гэсэн хоёр хэсэгт хуваан үзэж иржээ. Аман зохиол нь мөн чанараараа бичгийн зохиолоос олон талаар ялгарах ба өөрийн туурвилзүйтэй, гоозүйн сэтгэлгээний хувьд өөр хэв маягтай ч ижилсэх зүйл бий.
Аман болон бичгийн зохиолыг зэрэщүүлэн авч үзвэл цаг хугацааны хувьд үлэмж ялгаатай ба өөрөөр хэлбэл цуваа цагийн явцаар тодорхойлогдоно. Мөн чанарын хувьд нь авч үзвэл аль аль нь эрх биш үгийн урлагийн хэсэг мөн билээ. Аман зохиол нь үтийн урлагийнхаа шинжээр сонсож хүртэгдэхүйн талдаа илүү ойр бол нэгэнт үүнтэй уламжлал залгамжийн нягт холбоотой бичгийн зохиол нь логикоор бодоход бас сонсохуйн шинжид ойр байх учиртай ба Лу гүний уран бүтээл чухам энэ талыг түлхүү шингээсэн байна. Монголын соёл, шинжлэх ухаан, нийгэм төрд хүүхэн гавьяатай номын мэргэдийн үйл хэрэг, зохиол бүтээлийг тодруулан судлах нь чухал. Ийм хүмүүсийн нэг бол монгол даяар "Лу жанжин гүн " хэмээн алдаршсан Сэдбазарын Лувсандондов (1854-1909) юм. Лу жанжин гүний уран бүтээлийн судалгаа нь монголын сонгодог уран зохиол судлалын чухал асуудлын нэг тул бид намтар, уран бүтээлийн зарим бүдэг бүрхэг хэсгийг тодруулсан болно.

No comments:

Post a Comment