Wednesday, May 15, 2013

Монгол тв


                         - Монголд телевиз байгуулах түүхэн зайлшгүй шаардлага

Телевиз бол мэдээллийг бичвэр, дуу, дүрс, үйл хөдлөл зэрэг олон сувгийн хамсал байдлаар дамжуулдаг олон түмэнд нөлөөлөх асар хүчтэй хэрэгсэл юм. Телевиз үүссэн явдал нь 19-р зууны сүүлч, 20-р зууны эхэн үеийн техникийн шинжлэх ухааны гарамгай ололтуудын нэг гэж тооцогддог. 1910 онд Оросын эрдэмтэн Б.Н Розинг Петербургийн техникийн дээд  сургуульд цахилгаан соронзон долгионы аппарат туршиж, улмаар уг аппаратын тусламжтайгаар 1911 онд телевизийн анхны нэвтрүүлгийг үзүүлсэн түүхтэй. Нийгэм  эдийн засаг, соёл харьцангуй хурдацтай хөгжиж шийдвэрлэх асуудал олширсон, улс орны гадаад харилцаа өргөжин, нэр хүнд өссөн, хүн ардыг дэлхийн шинжлэх ухаан, соёлын ололтуудтай танилцулах хэрэгцээ нэмэгдсэн зэрэг бодит шаардлага нь манай оронд телевиз үүсгэх хэрэгцээг төрүүлсэн байна. Манай оронд телевиз үүсгэн байгуулах бэлтгэл ажил үндсэндээ жараад оны дунд үеэс эхэлжээ. 1966 он гэхэд телевизийн техникийн төвийн барилга дуусах шатандаа орж, тоног төхөөрөмжийг угсрах ажил эхэлсэн байна. Мөн энэ оны 9-р сарын 16-нд монголын зурагт радиогийн захиргааг албан ёсоор байгуулж, байнгын нэвтрүүлэг эхлүүлэх бэлтгэлийг хангуулах, боловсон хүчнийг ЗХУ-д сургаж дадлагажуулах зэрэг үүрэгтэйгээр ажилд нь оруулсан байна. МАХН-ын Төв хорооны шийдвэрийн дагуу 1967 оны 9-р сарын 27-нд зурагт радиог байнгын ашиглалтад хүлээн авснаар манай оронд теле сэтгүүл зүй үүссэн гэж үздэг. Телевиз анх улс төр эдийн засгийн, залуучууд-спортын, мэдээллийн жүжиг уран зохиолын програмын гэсэн таван редакци хэлтэстэй уран бүтээл инженер техник захиргаа үйлчилгээний 100 гаруй орон тоотойгоор байгуулагджээ. Монгол телевиз 1967 оны 9-р сарын 27-ны орой “манай анхны зочин” нэвтрүүлгээр нийтлэл уран бүтээлийнхээ түүхийг эхэлсэн байна. Монгол телевиз эхний 3 жил буюу 1970 оныг хүртэл бүтэц бүрэлдэхүүнээ оновчтой тогтоох, техник төхөөрөмжөө эзэмшиж зүгшрүүлэх, нэвтрүүлэгч, сэтгүүлч, уран бүтээлчид тус тусын ажил мэргэжилдээ дадлагажих чиглэлийг барьж ажилласан байна. 1970 оноос зурагт радиог “монгол телевиз” хэмээн нэрлэх болж, үйл ажиллагаанд нь ахиц дөхөм үзүүлсэн олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь теле сэтгүүл зүйг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх болоцоог нэмэгдүүлсэн юм.
Шинэ тутам байгуулагдсан телевизийг мэргэжлийн боловсон хүчнээр хангах асуудал тэр үед хурцаар тавигдаж байв. Телевизийн хүүхдэд зориулсан анхны нэвтрүүлгийг “Бидний шинэ танил” нэртэйгээр редактор Ж.Лхамсүрэн 1967 оны 10-р сарын 17-нд, яруу найргийн анхны нэвтрүүлгийг “Найрамдлаа дуулж байна” нэртэйгээр редактор Ш.Сүрэнжав уг оны 10 сарын 22нд тус тус нэвтрүүлсэн байна. Мөн 1967 оны 10-р сарын 14-нд редактор Н.Шаравдорж “уран үйлдэгчийн чуулган” нэртэй бүтэн 2 цагийн шууд нэвтрүүлгийг үйлдвэрийн цехээс анх удаа явуулжээ. Мөн онд Ч.Ойдовын “жаргалыг хүссэн мөнхөө” жүжгийг телевизээр  нэвтрүүлсэн нь монголын телевизийн дэлгэцэнд гарсан анхны жүжиг байв.
1971 оны 12 дугаар сарын 2-нд “Телекино” үйлдвэр ашиглалтад орсон нь монгол телевизийн нийтлэл, уран бүтээлийн чанарыг сайжруулахад онцгой ач холбогдолтой болов. “Телекино” үйлдвэр байгуулагдсанаар :
- телевизийн хөтөлбөрт орсон кино болон бусад материалыг бэлтгэх,
-  телевиизийн урын санг бүрдүүлэх,
- гадаадын телевизийн байгууллагуудтай кино материал солилцох,
- бүтээсэн киногоо гадаад дотоодын зах зээлд борлуулж орлого олох,
- олон улсын телевизийн киноны их наадам, уралдаан, тэмцээнд оролцох,
- монгол телевизийн нэвтрүүлгийн уран сайхны түвшинг дээшлүүлэхэд уран бүтээлчдийн хүчийг    дайчлан туслах зэрэг чухал үүрэг гүйцэтгэх болжээ.
Монгол телевиз нь өөрөөсөө олон залуу телевизийг төрүүлсэн телевизийн систем бүрэлдэхэд гол үүрэг гүйцэтгэсэн уурхай гэж үзэж болох талтай.

No comments:

Post a Comment